АНУ-ын Төлөөлөгчдийн танхимын дарга Нэнси Пелоси Тайваньд айлчлах юм бол Хятадын арми зүгээр суухгүй гэж Хятадын Батлан хамгаалах яамны хэвлэлийн төлөөлөгч Тан Кефэй анхаарууллаа. Энэ тухай Хятадын Батлан хамгаалах яамны цахим хуудсанд мэдээлсэн байна.
АНУ Тайванийн тусгаар тогтнолыг дэмжихгүй гэж амласан тул Хятад улс үүнийг бодит үйлдлээр баталгаажуулахыг шаардаж байна гэж Кефэй сануулав. "Гэхдээ Америкийн тал өөрийнхөөрөө ажилласаар байвал Хятадын арми зүгээр суухгүй, гадны хөндлөнгийн оролцоо, Тайванийг тусгаарлах гэсэн салан тусгаарлагчдын оролдлогыг таслан зогсоохын тулд бүх арга хэмжээг авч, улсын бүрэн эрх, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлын төлөө тууштай зогсох болно" гэж тэрбээр хэлэв.
Нэнси Пелоси нь АНУ-ын засгийн газрын гурав дахь чухал хүн бөгөөд түүний Тайваньд айлчлах нь "нэг Хятад" зарчмыг, мөн хоёр улсын баталсан хамтарсан мэдэгдлийн заалтыг зөрчих болно гэж Батлан хамгаалах яамны төлөөлөгч мэдэгджээ.
Үүнээс гадна АНУ-ын улстөрчийн айлчлал Тайваний хоолой дахь байдлыг улам хурцатгана гэж Кефэй онцолсон байна.
Өмнө нь Financial Times сонины эх сурвалжууд АНУ-ын үндэсний аюулгүй байдлын зөвлөх Жейк Салливан болон бусад хэд хэдэн өндөр албан тушаалтнууд дээрх айлчлалыг эсэргүүцэж байгаа гэж мэдээлжээ.