Шри Ланкагийн парламент шинэ Ерөнхийлөгчөө өнгөрсөн долоо хоногт сонголоо. Тэрбээр төрийн шинэ тэргүүнийг сонгох сонгууль болох 2024 оны арваннэгдүгээр сар хүртэл улс орноо удирдана. Эрх баригч эвслийн төлөөлөгч, Ерөнхий сайд асан Ранил Викрамасингхе гурван нэр дэвшигчээс хамгийн олон санал авчээ. Ерөнхий сайдын суудлаас Ерөнхийлөгчийн суудалд шилжсэн улс төрийн ахмад зүтгэлтэн тэрбээр богино хугацаанд эдийн засгаа тогтвортой болгож, олон нийтийн эсэргүүцэл, Ерөнхийлөгч Готабай Ражапаксаг түлхэн унагахад хүргэсэн нийгмийн хурцадмал байдлыг намжаах ёстой. Тийнхүү хямралын эсрэг ажиллах менежерийн үүргийг Шри Ланкагийн орчин цагийн түүхэн дэх хамгийн ноцтой хямралын үеийн албан тушаалтанд даатгаж байна.
1948 онд тусгаар тогтносон Шри Ланка улс түүхэндээ хоёр дахь удаагаа Ерөнхийлөгчөө бүх нийтийн санал хураалт явуулахгүйгээр сонгосон нь энэ юм. Тус улсын 225 суудалтай парламент гэнэт огцорсон Ерөнхийлөгч Готабай Ражапаксагийн оронд нэр дэвшсэн гурван хүнээс сонголт хийхэд хүрсэн билээ. Үүнээс өмнө парламент нэг л удаа Ерөнхийлөгчөө сонгосон нь 1993 онд төрийн тэргүүн Ранасинхе Премадаса майн баяр буюу тавдугаар сарын 1-ний өдөр Коломбо хотод болсон жагсаалын үеэр террорист халдлагад өртсөний дараа болсон аж.
Энд тэмдэглэхэд, Ранасинхе Премадасагийн хүү Санжит Премадаса одоогийн парламент дахь сөрөг хүчний гол бүлгийг тэргүүлж, Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх хүмүүсийн жагсаалтад эцсийн мөч хүртэл байсан нь ажиглагчдын анхаарлыг татсан байна. Гэсэн ч санал хураалтын өмнөх өдөр Санжит сонгуульд оролцох боломж арай илүү байсан Олон нийтийн харилцааны сайд асан Даллас Алахапперумаг дэмжин нэрээ татсан гэнэ. Сөрөг хүчин төдийгүй эрх баригч эвслийн гишүүдийн нэг хэсэг түүнийг дэмжихэд бэлэн байв. Ийнхүү Төрийн тэргүүний сонгуульд эрх баригч эвслээс нэр дэвшсэн Даллас Алахапперума нь Готабай Ражапаксаг огцрох хүртэл Ерөнхий сайдын албан тушаалыг хашиж, хоёр дахь хүн байсан Ранил Викрамасингхегийн гол өрсөлдөгч байв. Эрх баригчдынхаа авлига, чадваргүй байдлыг эсэргүүцсэн жагсаал, цуглааны үеэр Готабай Ражапаксагийн өргөөг юу ч үгүй болтол галдан шатаасан нь санамсаргүй хэрэг биш юм.
Ранил Викрамасингхе өнөөг хүртэлх Шри Ланкагийн хамгийн гайхалтай намтар түүхтэй, улс төрийн ахмад зүтгэлтэн хэвээр байна. Тэрбээр зургаан удаа Засгийн газраа тэргүүлж, 1999, 2005 онд улсынхаа Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшсэн ч хоёуланд нь ялагджээ.
Сонгуульд өвөрмөц үзэмж нэмсэн гурав дахь нэр дэвшигч нь сөрөг хүчний марксист-ленинист үзэлтнүүдийн “Ард түмний үндэсний хүч” эвслийн удирдагч Анура Кумара Дисанаяке (Ленин, Троцкийн үзэл санаанд үнэнч коммунистууд болон социалистууд Энэтхэгийн далай дахь арлын орны улс төрийн амьдралд идэвхтэй үүрэг гүйцэтгэсэн хэвээр байна) байв. Ташрамд дурдахад, тус улсын бүтэн нэр нь Бүгд Найрамдах Ардчилсан Социалист Шри Ланка Улс юм.
Санал хураалтыг нээж, парламентын Ерөнхий нарийн бичгийн дарга Даммика Дисанаяке сонгуулийн дэгийн талаарх зааварчилгааг уншин танилцуулжээ. Ялахын тулд нэр дэвшигч 50-иас дээш хувийн санал авах ёстой байв. Санал хураалт дууссаны дараа Тооллогын комисс дүнгээ гаргахад, Ранил Викрамасингхе 225 саналаас 134-ийг авч, үнэмлэхүй ялалт байгуулсан байна.
Түүний гол өрсөлдөгч Даллас Алахапперума 82 санал авсан нь Ранил Викрамасингхегийн гол өрсөлдөгч болохоо харуулав. Харин үнэнч марксист-ленинч Анура Кумара Дисанаяке гурван санал авчээ.
Бүх нийтийн санал хураалтаас гадуур сонгогдсон тус улсын гурав дахь Ерөнхийлөгч, 73 настай Ранил Викрамасингхе тус аралд дараагийн Төрийн тэргүүний сонгууль болох 2024 оны арваннэгдүгээр сар хүртэл уг албыг хашна. Түүний гол зорилт өнөөгийн нөхцөл байдлыг хурдан намжааж, эдийн засгаа тогтвортой болгох явдал бөгөөд энэ нь сүүлийн хугацаанд зогсолтгүй үргэлжилж буй эсэргүүцлийн хурц байдлыг арилгах юм.
Энд сануулахад, одоо тус улсад онц байдал зарласан байгаа. Ранил Викрамасингхе өмнөх долоо хоногт Төрийн тэргүүний үүрэг гүйцэтгэгч байхдаа ийм арга хэмжээ авсан. Онц байдлын үед нийгмийн хэв журам, аюулгүй байдлыг хангах тусгай эрх мэдлийг хууль сахиулах байгууллагад олгодог.
Ранил Викрамасинхе Ерөнхийлөгчийн хувиар хийх эхний алхмуудын нэг нь тус улсад яаралтай тусламж үзүүлэх талаар ОУВС-тай хийж буй хэлэлцээг аль болох хурдан дуусгах явдал юм.
“Бидэнд тав, эсвэл арван жил хэрэггүй. Ирэх оны эцэс гэхэд тогтворжиж эхэлцгээе. 2024 он гэхэд хөгжиж эхлэх үйл ажиллагаатай эдийн засагт шилжье” гэж Ранил Викрамасингхе CNN-д өгсөн ярилцлагадаа хөтөлбөрөө тодорхойлов. Шри Ланкагийн гадаад өр өнөөдөр 51 тэрбум ам.доллар байна.
“Ерөнхийлөгч асан Готабай Ражапаксагийн Засгийн газар Шри Ланкаг дампуурсан, ОУВС-д хандах ёстой гэсэн үнэнийг зарлаагүй” гэж шинэ Төрийн тэргүүн өөрөө тэргүүлж байсан Сайд нарын өмнөх танхимын гэмийг ил тод хүлээн зөвшөөрчээ. Өнөөгийн нөхцөлд тэрбээр өмнөх засаг захиргаанаас зайгаа барих шаардлагатай гэж үзэж байна. “Би өмнөх шигээ байхгүйг хүмүүс мэднэ. Эдийн засагтаа тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхийн төлөө ажиллана” гэж Ранил Викрамасингхе CNN-д өгсөн ярилцлагадаа мэдэгджээ.
Шри Ланкагийн шинэ засаг захиргаа тогтвортой байх, эсэх нь байдлыг хэр хурдан тогтвортой болгохоос хамаарна. Ранил Викрамасингхед алдах хором байхгүй.
Олон нийтийн хэд хэдэн байгууллага, хөдөлгөөн Ранил Викрамасингхег үндэсний шинэ удирдагч гэж хүлээн зөвшөөрөхөөс эрс татгалзаж, жагсаалаа сэргээхэд бэлэн буйгаа хэдийн мэдэгдээд байна.
Энэ хооронд тус улсад болсон сөргөлдөөнд оролцогчид амсхийв. Нийслэл Коломбод эсэргүүцлийн давлагаа түр завсарлаж, байдал намжжээ. Арлын тус улсад амарч, аялж буй жуулчид аюулгүй байдлынхаа талаар санаа зоволтгүй болсон байна. Энэ сарын эхээр тус улс даяар дэгдсэн эмх замбараагүй байдлын давлагаа хамгийн алдартай амралтын газрууд байрладаг далайн эргийн бүс нутгуудад нөлөөлөөгүй гэнэ. Тэндхийн байдал тайван байсан аж.
ТҮҮХЭН ДЭЭД АМЖИЛТ ТОГТООГЧ
Ранил Викрамасингхе 1949 оны гуравдугаар сарын 24-нд хэвлэл мэдээллийн магнатын гэр бүлд мэндэлжээ. Коломбогийн их сургуулийн хуулийн ангийг төгсөөд өмгөөлөгчөөр ажилласан. 1970-аад оны эхээр Шри Ланкагийн ирээдүйн анхны Ерөнхийлөгч болох Жуниус Жаявардене нагац ахынхаа урилгаар Үндэсний нэгдсэн намд элсэж, 1977 онд анх парламентад сонгогджээ.
1977-1978 онд Гадаад хэргийн дэд сайдаар ажиллаж байв. 1978 оноос Залуучууд, хөдөлмөр эрхлэлтийн, 1980-1989 онд Боловсролын сайдын албан тушаал хашсан байна. 1989-1993 онд парламентын даргаар ажилласан бөгөөд 1993 онд Ерөнхийлөгч Ранасинхе Премадаса террористуудын халдлагад өртөн, амь үрэгдсэний дараа анх удаа Шри Ланкагийн Ерөнхий сайдаар сонгогджээ.
1994 оны парламентын сонгуульд Үндэсний нэгдсэн нам 17 жилийн дараа анх удаа Шри Ланкагийн эрх чөлөөний намд ялагдсан аж. Мөн онд Ранил Викрамасингхе намаа тэргүүлж, парламент дахь сөрөг хүчний удирдагч (1994-2001, 2004-2015) болсон гэнэ.
Дараа нь 2001-2004, 2015-2018 (гурав, дөрөв дэх Засгийн газар) болон 2018-2019 онд Сайд нарын танхимыг тэргүүлжээ. 2022 оны тавдугаар сард тэрбээр зургаа дахь удаагаа Засгийн газрыг тэргүүлсэн нь Шри Ланкагийн улс төрийн түүхэн дээд амжилт болсон юм. Харин энэ сарын 13-нд Ерөнхийлөгч Готабай Ражапакса огцрохыг шаардсан олон нийтийн жагсаалын улмаар улс орноо орхин явсны дараа Ранил Викрамасингхе Шри Ланкагийн Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгчээр томилогдсон байна. Улмаар Готабай Ражапакса огцорсны дараа энэ сарын 20-нд Шри Ланкагийн парламент Ерөнхий сайд бөгөөд Төрийн тэргүүний үүрэг гүйцэтгэгч Ранил Викрамасингхег тус улсын шинэ Ерөнхийлөгчөөр сонгосон билээ.
УДИРДАГЧДЫН УДАМ
Ранил Викрамасингхегийн аав, хэвлэл мэдээллийн магнат Эсмонд Викрамасингхе 1966-1968 онд Олон улсын хэвлэлийн хүрээлэнг удирдаж байжээ. Авга ах Жуниус Жаявардене нь 1977-1978 онд Ерөнхий сайд, 1978-1989 онд Шри Ланкагийн Ерөнхийлөгчөөр ажиллаж байв. Ранил Викрамасингхе Коломбогийн хааны коллеж, дараа нь Цейлоны их сургуулийн Хуулийн сургуулийг төгссөн. 1972 онд тэрбээр өмгөөлөгчөөр ажиллах эрхтэй болжээ.
ЧАДВАРЛАГ УЛСТӨРЧ
Тэрбээр 2001 онд Үндэсний нэгдсэн нам сонгуульд ялсны дараа Ранил хоёр дахь удаагаа Ерөнхий сайд болж, 2004 он хүртэл ажилласан. Энэ хугацаанд “Тамил Иламыг чөлөөлөх барсууд” (1976 оноос хойш Шри Ланкад Тамил Илам хэмээх тусгаар улс байгуулахын төлөө тэмцэж байсан Тамилын байгууллага. 2009 онд татан буулгасан)-тай эвлэрлийн гэрээ байгуулсан нь түүний гол ололт юм.
,
2005 онд намаас дахин Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдсөн ч Шри Ланкагийн эрх чөлөөний намаас нэр дэвшсэн Махинда Ражапаксад ялагдсан (48.4:50.2 хувь).
2015-2019 онд тэрбээр Шри Ланкийн эрх чөлөөний болон Үндэсний нэгдсэн нам хамтран байгуулсан Засгийн газрыг тэргүүлжээ. Түүнийг Ерөнхий сайд байх хугацаанд тус улсын ДНБ дөрвөн хувиар өсөж, 2015 онд 80.6 тэрбум ам.доллар байсан бол 2019 онд 84 тэрбум ам.доллар болж, инфляцын түвшин дунджаар 3.8 хувь болов. Ранилын тушаалаар цагдаагийн байгууллагад санхүүгийн луйврын хэргийг шалгах бүтэц бий болжээ. 2017 онд түүний засаг захиргаа “2025 хүртэлх хэтийн төлөв: Шри Ланкагийн хөгжил цэцэглэлтийн зам” хөтөлбөр санаачилсан байна. Энэ нь эдийн засгийн хөгжлийн бүсүүдийг бий болгох зорилготой байсан аж. Тус улсын сургуулиудад Өрнөдийн сургалтын стандартыг нэвтрүүлэхтэй холбоотойгоор боловсролын салбарт томоохон хэмжээний шинэчлэл хийжээ.
2022 оны тавдугаар сард эдийн засгийн хурц хямралын үед Ерөнхийлөгч Готабай Ражапакса нь Ранил Викрамасингхег Ерөнхий сайдаар томилсон. Хоёр долоо хоногийн дараа тэрбээр Сангийн сайдын албыг мөн хүлээж авсан билээ.
Мэргэжилтнүүд түүнийг либерал эдийн засгийн үзэл бодолтой улстөрч гэж нэрлэдэг бөгөөд тэрбээр Олон улсын валютын сантай хэлэлцээ хийхээр төлөвлөж, ирэх жил гэхэд улс орноо хэвийн байдалд оруулна хэмээн амлаж байна. Ранил Викрамасингхе бүс нутгийн намуудын олон улсын “Ази, Номхон далайн ардчилсан холбоо”-ны дарга, сингалын сонгодог хөгжмийн шүтэн бишрэгч, буддын шашинтан аж.