АНУ-д хэт халсэн хэвээр байна. Өмнөд болон зүүн хойд нутгаар 35-40 градус хүрч халж буй тухай CNN телевиз мэдээлэв. Тус улсын хэмжээнд 90 сая гаруй хүнд хэт халах аюулаас сэрэмжлүүлжээ. Ялангуяа Вашингтоноос Нью-Йорк, Бостон хүртэлх томоохон хотуудад байдал маш хүнд байхыг Үндэсний цаг уурын албанаас нь анхааруулав. Тэр дундаа Филадельфи, Бостон, Вашингтон, Колумбийн дүүрэг зэрэг хотод чийгшил өндөр, 32 градус давж халах төлөвтэй байна.
Америкийн шинжээчдийн үзэж байгаагаар цаг уурын өөрчлөлтөөс болж эрс тэс нөхцөл байдал дэлхий даяар түгээмэл болж байна. Олон сая хүнийг хамарч буй халуунтай тэмцэхээр нөөц хуваарилахын тулд зарим бүс нутагт онц байдал зарлахаас өөр аргагүй болжээ. Иргэдийг гадаа маш болгоомжтой байж, шингэний дутагдалд орохоос сэрэмжлэхийг эрх баригчид нь уриалав.
Францын эрх баригчид хэт халж, ган гачиг болж буйн улмаас 96 мужийнхаа 88-д нь усны хязгаарлалт тогтоожээ. Пэй-де-ла-Луар, Пуату-Шарант муж усны хомсдолд хамгийн их өртсөн байна. BFMTV-ийн мэдээлснээр хамгийн хуурай газар нутгийн оршин суугчдад өдрийн цагаар цэцэрлэгээ услахыг хориглосон гэнэ. Усны хязгаарлалт тогтоосон нь онцгой шийдвэр болохыг тус телевиз онцлов.
60 коммуныг хамарсан Иль-де-Франс бүс нутагт Орж, Ремард мөрний усны түвшин эрс багассан байна. Халууны улмаас Францын зүүн өмнөд нутгийн 13 мужид аюулын улбар шар түвшин зарлажээ.
Европын хэд хэдэн улсад цаг агаар халуун хэвээр байгаагийн улмаас ойн түймэртэй тэмцсээр буй юм. Олон мянган га газар түймэрт өртөж, оршин суугчид орон гэрээ орхихоос өөр аргагүй болжээ. Тухайлбал, Испанийн Тенериф, Канарын арлуудад хүчтэй салхины улмаас түймэр хэд хэдэн хотыг хамарч, оршин суугчдыг нь гэрийн тэжээмэл амьтдын хамт нүүлгэв. Словенид ойн түймэртэй тэмцэхийн тулд модоо тайрахад хүрчээ. Грекийн Лесбос аралд мөн л гал түймрийн улмаас жуулчид, оршин суугчдыг нүүлгэсэн байна.