Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Хар усан тохой орчимд хүүхдүүд Туул голд боогдон, гарч чадахгүй болсон гэх дуудлага онцгой байдлын байгууллагад уржигдар иржээ. Дуудлагын дагуу аврах ангийн бүрэлдэхүүн очиход 5-13 насны долоон хүүхэд голын салаанд усанд боогдож, урсах, улмаар осолдох эрсдэлтэй байсныг аварсан аж. Иймд эцэг, эх, асран хамгаалагчид хараа хяналтаа сайжруулж, голын эрэг дагуу бага насны хүүхдийг тоглуулахгүй, байнгын анхаарал, сонор сэрэмжтэй байхыг нийслэлийн Онцгой байдлын газраас анхаарууллаа. Улаанбаатарт энэ он гарснаас хойш бага насны зургаан хүүхэд голд осолдож, амиа алджээ. Эдгээр осол нь хүүхдийн аюулгүй байдлыг хангаагүйтэй холбоотой аж. Үүнээс гадна уржигдар “Асем вилла” хотхоны хойд талд, Туул голын усанд автомашин суусан гэсэн дуудлагыг онцгой байдлын албаныхан хүлээн авсан байна. Тус автомашинд байсан хоёр зорчигчийг аврах завь ашиглан уснаас гаргажээ.