Орос, Украины албаны хүмүүс баасан гарагт НҮБ болон Туркийн зуучлалаар хоёр хэлэлцээрт гарын үсэг зурлаа. Эхний санамж бичиг нь Оросын хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн, бордооны эсрэг чиглэсэн хориг арга хэмжээг арилгах тухай байв. Тус баримт бичгийн хүрээнд Оросын хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн, бордооны экспортод тавьсан хязгаарлалтыг цуцлах үүргийг НҮБ хүлээсэн байна.
"Ялангуяа АНУ, ЕХ-ны санхүү, даатгал, ложистикийн салбарт бий болгосон саад бэрхшээлийг арилгах, эдгээр бүтээгдэхүүнийг манай улсын эсрэг авсан хориг арга хэмжээнээс чөлөөлөхөд чиглэнэ" гэж ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров хэлэв.
Хоёр дахь баримт бичиг Украины үр тариаг Хар тэнгисээр дамжуулан экспортлох аюулгүй коридор бий болгох тухай байв. Тус баримт бичигт Украины хяналтад байдаг боомтуудаас Украины хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг экспортлох механизмыг тодорхойлдог. Зэвсэг, сум хэрэгслийг хууль бусаар хил нэвтрүүлэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор үр тариа тээвэрлэж буй бүх хөлөг онгоцнуудад шалгалтыг Орос, Украин, Туркийн тал хийж байхаар тусгасан байна.
НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антониу Гутерреш энэхүү үр дүнг найдвар, боломж, тусламжийн гэрэл" гэж тодорхойлжээ. Тэрбээр "Энэхүү хэлэлцээр нь дэлхий даяар сая сая хүнийг хоол хүнсний хомсдол, өлсгөлөн гамшгаас аврахад туслах болно. ОХУ, Украины төлөөлөгчид хүн төрөлхтний сайн сайхны төлөөх санаачилгын төлөө хүндрэл бэрхшээлийг даван тууллаа" гэж онцлон тэмдэглэв.
Мөн Еюропын холбооны гадаад бодлогын тэргүүн Жозеп Боррелл "Энэхүү гэрээ нь зөв чиглэлд хийсэн алхам" гэж дүгнэсэн байна.