Украинд ОХУ-ын явуулж буй байлдааны ажиллагаа дэлхийн хүнсний аюулгүй бай далд гамшигт үр дагавар учруулсан хэмээн АНУ болон түүний холбоотнууд мэдэгдэж буй. Оросыг Украинаас үр тариа болон хөдөө аж ахуйн бусад бүтээгдэхүүн нийлүүлэхэд зориуд саад учруулсан гэж тэд буруутгаж, энэ нь дэлхийг өлсгөлөнд нэрвүүлж болзошгүй хэмээн удаа дараа тэмдэглэсэн. Хүнсний хямрал болохыг ОХУ-ын эрх баригчид НҮБ-д 2020 онд анхааруулсан бөгөөд өдгөө худалдааны дайн, цаг уурын эрс тэс үзэгдэл, “Ковид-19” цар тахлын дараах эдийн засгийн цочрол, Оросын эсрэг авсан хориг арга хэмжээний улмаас хямрал дэлхий нийтийг аюулын харанга дэлдэх хэмжээнд хэдийн хүргээд байна. Энэ байдлыг нааштайгаар эргүүлэх шийдвэр өнөө, маргаашгүй гарна гэж Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоан найдаж буй юм. Тодруулбал, Турк, Орос, Украин, НҮБ-ын төлөөлөгчид ойрын өдрүүдэд уулзаж, үр тарианы асуудлаарх санамж бичигт гарын үсэг зурах нь. Үр тариа тээвэрлэх үйл явцыг Истанбул дахь төвөөс оролцогч дөрвөн талын төлөөлөгч хянахыг Туркийн Ерөнхийлөгч Иранд айлчлаад буцах замдаа сэтгүүлчдэд мэдээлжээ.
“ОДЕСС, ЮЖНЫЙ, ЧЕРНОМОРСК БООМТООР ДАМЖУУЛАН ҮР ТАРИА ЭКСПОРТОЛНО”
Орос, Украин, Турк, НҮБ-ын төлөөлөгчдийн өнгөрсөн долоо хоногт хийсэн уулзалтын үр дүнд Украины боомтуудын миныг аюулгүй болгох хүртэл үр тариа ачсан хөлөг онгоцнууд Хар тэнгисээр зорчих боломжтой замуудыг тодорхойлсон байна. Украины тал Оростой үр тарианы экспортын гэрээ байгуулахаас “хоёр алхмын зайтай” байна гэж уг хэлэлцээ эхлэхийн өмнөхөн Украины Гадаад хэргийн сайд Дмитрий Кулеба мэдэгдсэн. Тэгвэл өчигдөр ОХУ-тай хийж буй хэлэлцээнд оролцогч Украины төлөөлөгчдийн гишүүн Рустем Умеров хэвлэлд ярилцлага өгөхдөө “Одесс, Южный, Черноморск боомтоор дамжуулан үр тариа экспортолно. Цаашдаа боомтын тоог өргөжүүлэх боломжтой” хэмээжээ.
Далайн тээврийг сэргээх нь мөргөлдөөнд оролцогч хоёр талд ашигтайг шинжээчид тэмдэглэж байна. Украин үр тарианы борлуулалтаас дор хаяж таван тэрбум ам.долларын орлого олох боломжтой бөгөөд ОХУ олон улсын тавцанд чухал ач холбогдолтой гэдгээ дахин харуулах юм.
Истанбулын “эерэг бөгөөд бүтээлч” гэсэн тодотголтой уулзалт хүлээлтийн дагуу амжилттай болбол талууд дэлхийн хүнсний хямралын хурцадмал байдлыг бага зэрэг бууруулах хэлэлцээрт гарын үсэг зурна. НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антониу Гутерриш Истанбулын уулзалтаар Украинаас үр тариа экспортлох замд чухал алхам хийснийг тэмдэглээд, Москва болон Киевт талархал илэрхийлэн, тус хоёр орны төлөөлөгчид харилцан үр бүтээлтэй ярилцаж болдгийг нотолсон арга хэмжээ гэдгийг онцлов. Тэрбээр үүнийг “Хямралын харанхуйд автсан дэлхийд өнөөдөр итгэл найдварын туяа гийлээ” хэмээн тодотгожээ.
Энд тодруулахад, АНУ-ын Ерөнхийлөгч Жозеф Байдены хэлснээр Украины агуулахад 20 сая тонн үр тариа хадгалагдаж байгаа нь олон улсын зах зээлд нэн чухал ач холбогдолтой бөгөөд үүнийг хэрэглэгчдэд хүргэхдээ үнийг нь багасгавал, хүнсний хямралын ноцтой байдлыг бууруулах юм.
Ийм хямрал бий болсон шалтгаанаар тухайлбал, Дэлхийн банкны шинжээчид “Ковид-19” цар тахлаас ядуу орнуудын эдийн засаг, олон улсын нийлүүлэлтийн сүлжээнд үзүүлсэн сөрөг нөлөө, мөргөлдөөн, байгалийн гамшиг, уур амьсгалын өөрчлөлт, хортон шавжийн дайралтыг нэрлэсэн байна. Гэсэн ч нөхцөл байдлыг илэрхий хурцатгасан гол шинэ хүчин зүйл нь Украины мөргөлдөөн юм.
Истанбулын энэ удаагийн уулзалттай холбоотой Украины талын хүлээлт эхнээсээ маш өөдрөг байж, тус орон үр тариагаа олон улсын зах зээлд гаргахад бэлэн болох нь. Украины Гадаад хэргийн сайд Дмитрий Кулеба Испанийн “El Pais” сонинд өгсөн ярилцлагадаа “Бид эцсийн шатандаа явж байна. Одоо бүх зүйл Оросоос шалтгаална” гэж мэдэгджээ. Хэлэлцээний явцыг сайн мэдэх, нэрээ нууцалсан эх сурвалжууд ч зөвшилцөлд хүрэх их найдвар бий тухай ярьсан байна.
Энд сануулахад,”Орос улс Украины үр тариаг энэ орны нутаг дэвсгэрээс экспортлоход саад болохгүй бөгөөд мэдээж хэрэг Украины цэргийнхэн тээврийн боомтууд, тэдгээрийн ойролцоох усан дахь бүс нутгаа минын аюулгүй болговол үр тариа ачсан хөлөг онгоцыг олон улсын усан хилээр чөлөөтэй нэвтрүүлэхэд бэлэн” гэж ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин өмнө нь мэдэгдсэн. Үүний нотолгоо болгон өнгөрсөн долоо хоногт ОХУ-ын Ерөнхийлөгчийн хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песков мэдэгдэл хийхдээ сэтгүүлчдийг цэргийн байгууллага руу чиглүүлж, “Ажил үргэлжилж байна, цэргийнхэн шаардлагатай мэдээллийг өгнө” гэжээ.
Харин Оросын цэргийнхэн ямар нэгэн нарийн мэдээлэл өгөх шаардлагагүй гэж үзсэн бололтой. “Истанбул хотод ОХУ-ын Батлан хамгаалах яамны төлөөлөгчид Бүгд Найрамдах Турк Улсын мэргэжил нэгт нөхөд, НҮБ-ын болон Украины төлөөлөгчидтэй Хар тэнгисийн боомтуудаас хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн экспортлох ажлыг зохион байгуулах асуудлаар дөрвөн талт хэлэлцээрт оролцож байна. ОХУ-ын төлөөлөгчид энэ асуудлыг маш шуурхай шийдвэрлэхийн тулд багц санал бэлтгэж, хэлэлцүүлэхээр өргөн барьсан” гэж тус яамны төлөөлөгч Игорь Конашенков мэдэгдсэн байна.
Истанбулын хэлэлцээний талаар ОХУ-ын Хөдөө аж ахуйн зах зээлийн судалгааны хүрээлэнгийн гүйцэтгэх захирал Дмитрий Рылько “Коммерсант” сонинд өгсөн ярилцлагадаа дөрвөн талт уулзалтын үр дүнд үндэслэсэн тодорхой тохиролцоо дэлхийн бүх гол үр тарианы үнэд үзүүлэх дарамтыг түр нэмэгдүүлнэ гэж тэмдэглэв. Үүний үр дүнд үнэ үнэхээр бага зэрэг буурч мэдэх ч дэлхийн үр тарианы тэнцвэрт байдал хурцадмал хэвээр байна гэж тэрбээр үзжээ.
Тэгвэл үр тарианы зах зээлийн эх сурвалжуудын мэдээлснээр хэд хэдэн улсад тариалангийн төлөв байдал сайжирч, дэлхийн эдийн засгийн байдал ерөнхийдөө муудсаны нөлөөгөөр үнэ хэдийн мэдэгдэхүйц буурч, өнгөрсөн сарын сүүлчээс хойш 15 хувиар багасаж, нэг тонн нь 360 ам.доллар болжээ. Тиймээс Истанбулын хэлэлцээний үр дүн энэ үнэд нөлөөлөх нь дамжиггүй.
“ИСТАНБУЛЫН ХЭЛЭЛЦЭЭГ ХЯЗГААРЛАЛТЫГ АРИЛГАХ ӨӨР СУВАГ БОЛГОН АШИГЛАХ НЬ ЗҮЙТЭЙ”
Ажиглагчдын тэмдэглэж байгаачлан үр тарианы жил дөнгөж эхэлж байгаа бөгөөд одоо өнгөрсөн оны ургацын үлдэгдлийн талаар ярьж буй. Шинэ ургац дайны үеийнх гэхэд харьцангуй сайн байх төлөвтэй байна. Жилийн өмнөх ургац 86 сая тонн байсан бол энэ онд 57 саяыг хураахаар тооцоолж байгаа бөгөөд нийт үр тарианы нийлүүлэлт нь Украины дотоодын хэрэгцээнээс гурав дахин их байх нь. Хэрэв үр тариаг идэвхтэй экспортлохгүй бол дотооддоо үнэ унаж, Украины тариаланчдад хүнд цохилт болно. Үр тариаг газраар болон Дунай мөрнөөр экспортлох оролдлого нь Николаев, Одесс муж дахь боомтуудын хэмжээнд яагаад ч хүрэхгүй.
Үүний сацуу Истанбулын хэлэлцээг Оросын хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний экспортод тавьсан албан бус хязгаарлалтыг арилгах өөр суваг болгон ашиглах нь зүйтэйг мэргэжилтнүүд тэмдэглэв. Эргэн сануулахад, НҮБ-ын Худалдаа хөгжлийн бага хурлын ерөнхий нарийн бичгийн дарга Ребекка Гринспен Москвад, дараа нь Вашингтонд болсон хэлэлцээний үеэр энэ сэдвийг хэлэлцсэн. Гэвч ахиц дэвшил гарсангүй. Харин Украины улс төр судлаач Константин Скоркины үзэж буйгаар энэ тохиолдолд Москвад тусгаарлалтаас гарах боломж нээгдэж буй төдийгүй Оросын эрх баригчидтай хэлэлцээ хийж байгаа нь ашиг тустай юм.
НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн шинжээчид энэ долоо хоногийн эхээр тавьсан илтгэлдээ Украины хямралын эхний гурван сард эрчим хүч, хүнсний бүтээгдэхүүний үнийн огцом өсөлт нь нэмж 71 сая хүнийг ядуурлын туйлын шугамд аваачсанаас 51.6 сая нь амьжиргаагаа өдөрт 1.9 ам.доллар буюу түүнээс бага (энэ бүлгийн тоо дэлхийн нийт хүн амын есөн хувьд хүрсэн) орлогоор залгуулах болсныг тэмдэглэжээ. Үүнээс гадна 20 сая хүний өдрийн хэрэглээ 1.9-3.2 ам.долларын түвшинд хүрч буурсан байна. Цар тахал, хөл хорионы улмаас дэлхийн 125 сая хүн нэн ядуугийн түвшинд шилжив. Энэ нь 18 сарын урт хугацаанд хүрсэн үзүүлэлт буюу нэн ядуу байдал мэдэгдэхүйц хурдтай газар авахад нөлөөлсөн байна.
Украины Газар тариалангийн бодлогын яамнаас урьд нь мэдээлснээр Киев үр тариа үйлдвэрлэгч хамгийн том орнуудтай дэлхийн зах зээлд ашиг сонирхлоо хамгаалах зорилгоор “үр тарианы ОПЕК” байгуулах санааг хэлэлцэж байв. Энэ үүднээс Европын Холбоо, АНУ, Канад, Бразил, Аргентинтай хэлэлцээ хийсэн нь өнөө болтол хүнсний хямралаас дэлхий нийтийг гаргах шийдэл болж чадаагүй билээ.
ДАЙНЫ ГАЗАР ЗҮЙН КООРДИНАТ ӨӨРЧЛӨГДӨВ
Ташрамд дурдахад, ОХУ-аас Украинтай хийж буй дайны газар зүйн координат өөрчлөгдсөн бөгөөд одоо энэ нь тус улсын Донецк, Луганск мужийн хил доторх өөрийгөө зарлан тунхагласан бүгд найрамдах улсууд төдийгүй бусад хэд хэдэн нутаг дэвсгэрийг хамарна гэж ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров мэдэгдэв. Өрнөдийн орнууд Украинд алсын тусгалтай зэвсэг үргэлжлүүлэн нийлүүлбэл Оросын цэргийн газарзүйн зорилт улам өргөжих болно хэмээн тэрбээр сэтгүүлчдэд ярилцлага өгөхдөө хэлсэн байна. В.Зеленскийн хяналтад байх Украины хэсэгт манай болон тусгаар тогтнолоо зарлаж, ирээдүйгээ бие даан тодорхойлох гэсэн бүгд найрамдах улсуудын нутаг дэвсгэрт аюул учруулах зэвсэгтэй байхыг Орос улс зөвшөөрөхгүй гэнэ. “Цэргийн тусгай ажиллагаа, газарзүйн координат нь ОХУ-ын Ерөнхийлөгчийн хэлсэнчлэн Украины нутаг дэвсгэрээс Орос улсад цэргийн аюул заналхийлэхгүй болгох зорилттой хэвээр байна” гэж С.Лавров тодотгов. Одоо Бүгд Найрамдах Донецк Улс, Бүгд Найрамдах Луганск Улс төдийгүй Херсон, Запорож муж болон бусад хэд хэдэн газар нутгийн аюулгүй байдлыг ОХУ хамгаалах нь.
Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский өнгөрсөн хоёрдугаар сарын 24-нөөс хойш булаан эзлэгдсэн бүс нутгаа эгүүлэн авна хэмээн удаа дараа мэдэгдэж буй. Харин тус улсын Батлан хамгаалахын сайд Алексей Резников хэвлэлд ярилцлага өгөхдөө Ерөнхийлөгч В.Зеленский нь Украины нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг сэргээх, тэр дундаа 2014 онд эзлэгдсэн газраа эгүүлэн авах тушаал Жанжин штабдаа өгснийг уламжилжээ.