Филиппиний эрх баригчид энэ сард багтаан Шри Ланкагаас иргэдээ татахаар төлөвлөж буй тухай Гадаад хэргийн дэд сайд Эдуардо де Вега нь мэдэгдэв. Эх орон руугаа буцахыг хүссэн филиппинчүүдэд тасалбар худалдаж авахад эрх баригчид нь тусална гэж тэрбээр найдаж байгаа аж. Наймдугаар сарын эхний долоо хоногт нислэг үйлдэхээр төлөвлөж байсан нь эргэлзээтэй болсныг тус яамны төлөөлөгч дамжуулав. “Тиймээс филиппинчүүдийг сарын эцэс гэхэд харихад туслах арилжааны нислэгийн тийзийг санхүүжүүлэхээр төлөвлөж байна” гэж Эдуардо де Вега “TeleRadyo” телевизэд мэдээлжээ.
Шри Ланкад амьдардаг 700 филиппин иргэдийн 115 нь эх орондоо буцах хүсэлтээ гаргасан гэнэ. Тус улсын жагсагчид энэ сарын 9-нд Төрийн тэргүүн Готабай Ражапакса, Ерөнхий сайд Ранил Викрамасингхе нарын өргөөг эзэлснээр улс төрийн байдал нь хурцадсан юм. Эдийн засгийн байдал эрс муудсаны улмаас эрх баригчдаа эсэргүүцсэн, олныг хамарсан жагсаал болсон нь онц байдал зарлахад хүргэсэн. Өдгөө Шри Ланка нь валют, түлш, нефтийн бүтээгдэхүүн, бордоо, хүнс, эм тарианы ноцтой хомсдолд оржээ. Ерөнхийлөгч Готабая Ражапакса энэ сарын 15-нд хил давж, маргааш нь Сингапурт очоод, огцрох тухайгаа мэдэгдсэн албан ёсны захидал илгээсэн билээ.
Шри Ланка улс өнгөрсөн тавдугаар сард түүхэндээ анх удаа дефолт зарлаж, эрх баригчид зээлдүүлэгчдэд хүлээлгийн хугацаанд багтааж төлбөрөө барагдуулах боломжгүй гэдгээ мэдэгдсэн юм.