Эрүүл мэндийн яамнаас 2022 оныг “Эмнэлгийн тусламж үйлчилгээний чанар, аюулгүй байдлыг сайжруулах” жил болгон зарласан. Энэ хүрээнд өнгөрсөн тавдугаар сарын 1-нээс хүн амыг урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээ, оношилгоонд үнэгүй хамруулах аяныг орон даяар эхлүүлсээр буй. Иргэд өрхийн эмнэлгээр дамжуулан ахисан түвшний эмнэлэгт үзүүлэх, шинжилгээ өгөх дараалал авч буй. Мөн зарим иргэнд хэзээ, хаана, хэдэн цагаас шинжилгээ өгөхийг нь өрхийн эмнэлгээс нь мэдээлж байгаа аж. Эрт илрүүлэгт хамрагдах иргэдийн идэвх өрхийн эмнэлэгт ямар байгааг сонирхлоо. Баянгол дүүргийн XIX хорооны “Шар дэгд” эмнэлэгт өчигдөр 10.00 цагт очиход үйлчлүүлэгч цөөн байв. Урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдахын тулд хэрхэх тухай, тус эмнэлгээр дамжуулан үзлэгийн дараалал авсан хүний тоо хэд хүрснийг нь тодрууллаа. Эмч н.Номин “Иргэдийг 0-5, 6-17, 18-30, 31-45, 46-60, 61-ээс дээш гэсэн зургаан насны ангиллаар үзлэгт хамруулж буй. Иргэд 2019 оноос өдийг хүртэлх эрүүл мэндийн даатгалын шимтгэлээ төлсөн байх учиртай. Манай хороо 8000 орчим хүн амтай. Бид тэтгэвэрт гарсан иргэд, хүүхдүүдээс бусад насныхныг эрүүл мэндийн даатгалын шимтгэлээ төлсөн, эсэхийг нэгбүрчлэн шалган, зарим иргэнтэй холбогдон, хэзээ шинжилгээ өгөх боломжтойг нь тодруулж, дараалалд бүртгэж байна. Одоогоор нийт иргэний 27 орчим хувь нь урьдчилан сэргийлэх шинжилгээгээ өгчээ. Шинжилгээнд хамгийн идэвхтэй хамрагдаж буй нь хүүхдүүд, эсвэл 61-ээс дээш насныхан буюу эрүүл мэндийн даатгалаа улсаар төлүүлэгчид юм. Харин 18-30 насныхан дунд шимтгэл төлдөггүй хүн олон байдгаас үзлэгт хамрагдаж чадахгүй байна. Тавдугаар сараас өнөөдөр хүртэл (өчигдөр) 18-30 насны 2300 гаруй иргэнээс 120 хүн л шинжилгээ өгчээ. Ер нь залуус урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдахдаа хойрго, мөн эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлдөггүй нь харагдсаар. Өрхийн эмнэлэг хүн хүч муутайгаас иргэн бүр лүү утсаар ярихад цаг их зарцуулж байна. Тиймээс иргэд өөрсдөө ирж, дарааллаа бичүүлбэл сайн сан” гэв. XIX хорооны иргэд өрхдөө бүртгүүлээд Баянгол дүүргийн “Номун” эмнэлэгт үзүүлж, шинжилгээ өгнө. “Номун” эмнэлэг рүү өчигдөр 14.00 цагийн үед очиход ачаалал дунд зэрэг байлаа. Тус эмнэлгийн угтагчаас иргэдийн хөл хөдөлгөөн хэр байгааг сонирхоход “Баянгол, Чингэлтэй дүүргийн зарим хорооныхон манайд үзүүлж, шинжилгээ өгч буй. Өнгөрсөн 5-6 дугаар сард иргэд идэвхтэй үйлчлүүлж байснаа энэ сар гарснаас хойш цөөрсөн нь амралт зугаалга нэмэгдсэнтэй холбоотой байх. “Номун”-д шинжилгээ өгөх ёстой хүмүүсийн 30 гаруй хувь нь хамрагдсан” гэсэн юм. Урьдчилан сэргийлэх үзлэг нь хүн амыг болзошгүй эрсдэлээс сэргийлэх, өвчин, эмгэгийг нь эрт илрүүлж, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэх зорилготой бөгөөд энэ он дуустал иргэдийг үнэ төлбөргүй хамруулах юм.