Манай улсад өчигдөр 323 хүн коронавирусийн халдвар авсан нь батлагдав. Энэ нь өмнөх өдрийнхөөсөө 80-аар нэмэгдсэн үзүүлэлт юм. Үүнээс өмнө өнгөрсөн гуравдугаар сард хоногт 300-гаас олон хүн өвчилж байжээ. Түүнээс хойш халдварын тархалт тогтмол хумигдсан. Коронавирусийн омикрон хэлбэрийн ВА.4, ВА.5 хувилбар өнгөрсөн сарын сүүлчээр манай улсад тархаж эхэлсэнтэй холбоотойгоор халдварын тохиолдлын тоо нэмэгдсэн гэж холбогдох байгууллагынхан тайлбарлаж буй. Мөн халдвараас сэргийлэхийн тулд олон хүн цугларсан газарт очихдоо амны хаалт зүүхийг иргэдэд анхааруулж байгаа юм. Дээр дурдсан хувилбарууд нь маш хурдан тархдаг аж. Харин халдвар авсан тохиолдолд харьцангуй хөнгөн өвчилж байгаа гэнэ. Өчигдөр илрүүлсэн тохиолдлуудын 193 нь нийслэлд, 130 нь 10 аймагт байжээ. Аймгуудаас Өмнөговьд 75 хүн өвчилснийг илрүүлсэн нь хамгийн олонд тооцогдов.