-Юуны түрүүнд сул хараа гэж чухам юуг хэлж буйг мэргэжлийн эмчээс сонсмоор байна.
Т.Б: -Сайн хардаг нүдэндээ эмчилгээ хийлгэж, хугарлын гажгийг шилээр зассан ч харааны үйл ажиллагаа нь алдагдсан хэвээр байвал сул хараатай гэж үздэг. Өөрөөр хэлбэл, хараа шалгах зориулалтын хүснэгтийн дээд талын зургаан мөрнөөс бага харж байвал сул хараатай гэдэг. Мөн захын хараа нь 10 хувиас бага болсон хүнийг сул хараатай гэж ДЭМБ-аас тодорхойлсон байгаа.
Д.Г: -Сул харааны асуудлыг бид одооноос л ялгаж ярьж байна. Өмнө нь харааны бэрхшээлтэй болон огт хардаггүй хүмүүсийг нийтэд нь хамаатуулдаг байлаа. Хөгжлийн бэрхшээлийг үнэлэх аргачлал манай улсад боловсронгуй биш, хөдөлмөрийн чадвар алдалтын оношоор л тогтоодог. Үүний дагуу хөдөлмөрийн чадвараа 50-иас дээш хувь алдсан бол хөгжлийн бэрхшээлтэй гэж ойлгодог. Тухайлбал, би хэдэн жилийн өмнө хараагаа 70 хувь алдсан байсан. Одоо бол бүрэн хараагүй. Үйлдлийн чадвар алдалтыг тодорхойлох тогтолцоо манай улсад сайн хөгжөөгүй учраас сул хараатай хэчнээн хүн байгааг хэлэх боломжгүй юм. Гэхдээ албан бус тоогоор харааны бэрхшээлтэй 1200 орчим хүүхэд бий гэсэн тоо байдаг. Сул хараатай хүмүүс бусдын тусламжгүйгээр өөрөө явж чаддаг ч байнга бэрхшээлтэй тулгардаг. Үүнийг хүмүүс эрүүл хэмээн эндүүрч, халамжийн тусламж, үйлчилгээнээс хасах гэдэг. Тиймээс харааны гажиг нь ямар түвшинд байгааг тодорхойлдог мэргэжилтэн, төв байгуулах зайлшгүй шаардлагатай.
Э.Нарантуяа
-Сул харааг оношлох мэргэжилтэн бэлдэхийн давуу тал нь юу юм бэ?
Т.Б: -Гадаадын орнуудад сул хараатай хүмүүсийг тусгай төв рүү явуулж, цаашдын амьдралын чанарыг нь сайжруулахад анхаардаг. Өөрөөр хэлбэл, ийм бэрхшээлтэй хүмүүсийн үлдсэн харааг хамгаалах, түүнийгээ “ашиглаж” амьдрахад нь тусалдаг юм. Гэтэл манай улсад өдий хүртэл сул харааны мэргэжилтэнгүйн улмаас нэгэнт эмчилгээгүй болсон сул хараатай иргэдэд цаашид ямар тусламж, үйлчилгээ үзүүлэх нь тодорхойгүй байв. Харин саяхан манай улс сул харааны мэргэжилтэн бэлдэж, сургалт явууллаа.
-Та тэр сургалтад оролцож, сул харааны мэргэжилтэн болсон шүү дээ. Эхний удаа хэдэн мэргэжилтэн бэлдсэн бэ?
-Нийт 12 мэргэжилтэн бэлдсэн. Үүний зургаа нь орон нутгийн эмч.
-Боловсролын ерөнхий газар сул хараатай хүүхдүүдийн асуудалд хэрхэн анхаарч ажиллаж байгаа бол?
Э.Н: -Боловсролын ерөнхий газар нь Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг. Дотроо найман газар, таван хэлтэстэй. Манай Суралцагчийн хөгжлийн газар Тэгш хамруулах хэлтэстэй. Эл хэлтсийг байгуулаад гурван сар болж байна. Манай хэлтсийнхэн ялгаатай хэрэгцээтэй хүүхдийн сургалтын агуулга, хамгаалал, бодлогын хэрэгжилтийг хангах, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх үндсэн чиг үүрэгтэй. Боловсролын оношилгооны төв байгуулахаар манай хэлтсийн мэргэжилтнүүд ажиллаж байна. “Боловсролын чанарын шинэчлэл” төслийн хүрээнд 21 аймагт Хүүхэд хөгжлийн төв байгууллаа. Ингэхдээ аймаг бүрээс хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд хамгийн олон сурдаг нэг сургууль сонгож, төвөө нээсэн. Энэ төвөөр дамжуулан бүх төрлийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн сургалтад дэмжлэг үзүүлэх хэрэглэгдэхүүн болон багш нарыг нь чадавхжуулахад чиглэсэн үйл ажиллагаа явуулж байгаа. Төвд ажиллах багш нар болон удирдах албан тушаалтан, цэцэрлэг, сургуулийн багш нарыг чадавхжуулж, хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй хэрхэн ажиллах талаар зааж сургасан. Тухайлбал, харааны бэрхшээлтэй хүүхдийн хэрэглэх тоног төхөөрөмж, хэрэглэгдэхүүнтэй багш яаж ажиллах вэ, дэмжлэг тусламж хэрхэн үзүүлэх талаар дэлгэрэнгүй сургалт явууллаа. ЖАЙКА-гийн “СТАР-2” төслийн хүрээнд 15 цахим контент боловсруулсан. Үүний дотор хараагүй болон сул хараатай хүүхдүүдтэй яаж ажиллах талаар багш нарт арга зүйн зөвлөгөө өгсөн контент бэлтгээд байна. Үүнийгээ CD болгон хэвлэж тараалаа. Үүнээс гадна БШУ-ы сайдын 2021 оны тушаалын дагуу харааны бэрхшээлтэй хүүхдэд ахуйн болон орон зай, хөдөлгөөний баримжаа олгох жишиг хөтөлбөрүүд боловсруулсан. Тус хөтөлбөрийн хэрэгжилтийг манай газрын Тэгш хамруулах хэлтсийнхэн хянаж байгаа. Жишээ нь, харааны бэрхшээлтэй хүүхэд тэмтрэх эрхтнийхээ тусламжтайгаар өөртөө үйлчлэх чадвараа яаж хөгжүүлэх, эд юмсыг таних, аюулгүйгээр бие даан амьдрах арга барилыг багш нараар дамжуулан эзэмшүүлэх юм. Танил биш орон зайг хэрхэн баримжаалах, дасан зохицох, нийгэмд бие даан амьдрах ур чадварыг төлөвшүүлэхэд чиглэсэн хөтөлбөрүүд боловсруулсан. Эдгээр нь манай улсад анх удаа хийж буй ажил юм.
-Төрийн бус байгууллагууд сул харааны мэргэжилтэн бэлдэх ажилд хэрхэн оролцож байна вэ?
Д.Г: -Нийгэмд сул харааны талаар сайн ойлголт байхгүйгээс тэдний бэрхшээлийг ухаж ойлгож чаддаггүй. Хэдийгээр бусдын тусламжгүй явж чадаж буй ч асуудал бэрхшээл тулгарсаар. Өөрөөр хэлбэл, нийгэмд бусдын адил оролцохгүй, боломжийг тэгш хүртэж чадахгүй байна. Тухайлбал, сул хараатай хүүхэд сургуульд сурлаа гэхэд самбар дээр багшийн бичсэнийг болон ном, сурах бичгээ харж ча дахгүйгээс сурлагаар маш их хоцордог. Сул хараа гэдэг бол бэрхшээл юм. Тиймээс сурах, ажиллах, гудамж талбайд явахад сул хараатай хүмүүст тохирох хэрэглэгдэхүүн, тохиргоо, хүртээмжийг бий болгох, үүнийг нийгэмд таниулахын төлөө төрийн бус байгууллагууд хичээж ажилладаг. Тэгш хамруулах хөтөлбөрийн хүрээнд харааны бэрхшээлтэй хүүхэд ерөнхий боловсролын ердийн сургуульд сурах боломж бүрдсэн. Харааны бэрхшээлтэй 1200 гаруй хүүхдийн ердөө 120 орчим нь л 116 дугаар тусгай сургуульд сурч байна. Бидэнд байгаа мэдээллээр ерөнхий боловсролын ердийн сургуульд харааны бэрхшээлтэй 22 хүүхэд сурдаг. Тэдний 12 нь бүрэн хараагүй, үлдсэн нь сул хараатай. Бид тэдгээр хүүхдийн сурч буй сургуульд очиж, хичээлийн хэрэгсэл, сурах бичигтэй нь танилцсан. Бусад улсад сул хараатай хүүхдүүдэд зориулж сурах бичгийг том форматаар хэвлэсэн байдаг. Манай улсад хараахан ийм боломж бүрдүүлээгүй. Харин саяхан Австралийн Элчин сайдын яамны тусламжтайгаар гурван ширхэг алсын зайны томруулагчтай болсон. Энгийнээр тайлбарлахад, энэ төхөөрөмж нь дурантай адил юм. Сул хараатай хүүхэд алсын зайны томруулагчаар самбар дээрх бүх зүйлийг ширээн дээрээ “татаад” аваад ирнэ гэсэн үг. Мөн цүнх, халаасандаа аваад явчих боломжтой төрөл бүрийн томруулагч шил бий. Ямар хэрэглэгдэхүүн тухайн хүүхдэд тохирохыг мэдэхийн тулд оношлох, үнэлэх нь чухал. Энэ ажлыг манай улс эхлүүлсэнд их баяртай байгаа. Сул хараатай хүний ажлын байранд ямар өнгөтэй ширээ байрлуулах, мэргэжлээс нь шалтгаалж гэрлийн тусгал нь хаанаасаа байх, харанхуй орчинд, эсвэл гэрэлтэй газар суулгах уу гээд нарийн тохиргоо шаардлагатай. Сул хараатай хүмүүс компьютерт хар дэвсгэр дээр цагаан өнгөөр бичих жишээтэй. Энэ бүхнийг сул харааны мэргэжилтний зөвлөснөөр тохируулж чадвал ажлын бүтээмж нь сайжирдаг.
-Энэ бүхэнд мэргэжилтнүүдийн үүрэг оролцоо чухал байх нь.
Т.Б: -Тийм ээ. Хараа алдалт нь ямар түвшинд байгаагаас шалтгаалж хэрэглэгдэхүүн нь харилцан адилгүй байх юм. Өөрөөр хэлбэл, захын, төвийн, ойрын болон холын зайн харааны алдалтаас хамаарч ямар томруулагч хэрэглэх вэ гэдгийг тодорхойлно. Жишээ нь, хараа шалгах хүснэгтийн эхний хоёр мөрийг уншиж чадаж байвал ямар зайд ямар томруулагч ашиглах вэ гэдгийг тохируулж өгнө гэсэн үг. Холын зайны харааг нь тохируулсны дараа ойрын зай руу шилждэг. Эмчилгээнээс гадна тухайн хүүхдийн ар гэрийнх нь асуудал ямар байна, аль сургуульд сурдаг зэрэгт нь санаа тавьж, сэтгэл зүйн зөвлөгөө өгөх нь чухал. Хэрэв сул хараатай хүүхэд 116 дугаар тусгай сургуульд сурдаг бол энэ нь буруу юм. Харж чадаж байгаа хэрнээ кирилл үсэг мэдэхгүй, брайл үсэг сураад яваад байж болохгүй шүү дээ. Тиймээс кирилл үсэг заахын тулд эцэг, эхтэй нь хамтран ажиллана. Зөвхөн хэрэглэгдэхүүн өгөөд асуудлыг шийдэхгүй. Эцэг, эхтэй нь ярилцаж, хүүхдийн сэтгэл санааг дэмжих нь чухал. Тэр хүүхдэд ямар ирээдүй, боломж бийг нь хэлж өгнө. Сул хараатай хүмүүс олон эмнэлгээр дамжиж, цөхрөнгөө барсан байдаг. Харин би сул харааны мэргэжилтний хувиар тэдэнд ямар боломж байгаа талаар ярьж хэлж, зөвлөхөөр хандлага нь өөрчлөгддөг. Сул хараатай хүүхдийг дугуй унаж сурна, цаашлаад машин барьж ч чаддаг болно гэж хэлэхээр эцэг, эх нь итгэж чаддаггүй. Би сул хараатай хүүхдийг оношлох сургалтад сууснаар эмчийн үзлэг хийх, эцэг, эхтэй нь харилцахад ахиц гарч, илүү туршлагажиж байгаа. Сул хараа нь зөвхөн хүүхэд гэлтгүй, бидний эргэн тойрны бүх хүнд тулгарах эрсдэлтэй. Сул хараатай хүүхдийнхээ хараа нь улам муудчихна гээд эцэг, эхчүүд гар утас хэрэглэхийг хориглодог. Гэтэл тэр хүүхдийн мэдээлэл авах гол хэрэгсэл нь ухаалаг утас байдаг.
-Тэгэхээр хүүхэд бүрийн онцлогт тохирсон хэрэглэгдэхүүн чухал юм байна. Сул хараатай хүүхэд үлдсэн хараагаа алдах тохиолдол хэр байдаг бол?
Т.Б: -Тухайн хүүхдийн хараа ирээдүйд яаж өөрчлөгдөхийг таашгүй. Гэхдээ тухайн хүүхдийн хараа нь тодорхой хэмжээгээр харж байгаа цагт тэр хугацаандаа орон зайн баримжаагаа олох, сурах ёстой зүйлээ таньж мэдээд авах хэрэгтэй. Ирээдүйд яах бол гэхээс илүү байгаа хараагаа бүрэн дүүрэн ашиглаж сурах нь чухал. Тиймээс аль болох сул харааны төвд эрт хандаж, оношлуулж, ямар тоног төхөөрөмж өөрт нь тохирохыг мэдээд арга барилаа олчихвол бусадтай адил өөртөө итгэлтэй болдог.
-Манай улсад одоогоор сул харааны төв байхгүй биз дээ?
Т.Б: -Сургалтад суусан мэргэжилтэнгүүд өөрсдийн ажиллаж буй эмнэлэгтээ сул харааны төв байгуулахад санаа тавьж ажиллах юм. Гэхдээ төв гэхээр том газар байгуулна гэж ойлгож болохгүй. Тухайн эмнэлэгт сул хараатай хүмүүст зориулсан тоног төхөөрөмж, хэрэглэгдэхүүн байрлуулсан тусгай өрөө байх юм. Уг өрөөнд байрлуулсан хэрэглэгдэхүүнээс эмчийн зөвлөсний дагуу сул хараатай хүмүүс өөрт тохирохыг олж мэдэх боломжтой. Энэ чиглэлээр Монголын хараагүйчүүдийн үндэсний холбоо болон боловсролын байгууллагынхан хамтран ажиллана.
Д.Г: -Нийгмийн халамжийн тухай хуулийн дагуу хараагүй хүмүүс найман төрлийн туслах хэрэглэгдэхүүн үнэ төлбөргүй авах боломжтой. Үүнд таяг, ярьдаг цаг, халууны, томруулдаг шил багтдаг. Эдгээрийн нэр, төрлийг олшруулах шаардлагатай. Өөрөөр хэлбэл, сул харааны мэргэжилтний зөвлөсөн тоног төхөөрөмж нь Монгол Улсад байх ёстой гэсэн үг. Харааны бэрхшээлтэй хүмүүс бусдыг харж, даган дуурайх чадваргүй учраас заавал хэн нэгнээр заалгаж сурдаг. Хоол унд хийх, хувцсаа өмсөх зэрэг ахуйн баримжаа олгох сургалт байх ёстой. Эдгээрийг мөн сул харааны мэргэжилтнүүд зааж сургах юм. Тухайлбал, нэгэн сул хараатай ээж хүүхдээ өдөр бүр сургуульд нь хүргэж өгч, авдаг байж. Гэтэл гэр нь өөр газар луу нүүсний улмаас орон зайн баримжаагаа алджээ. Түүнд орон зайн баримжаа олгох анхан шатны сургалт хэрэг болж байгаа юм. Мөн ердийн сургуульд сурдаг сул хараатай нэгэн охин саяхан хараагаа бүрэн алдсан. Үүний улмаас охин “Амьдрал минь ингээд дууслаа” хэмээн сэтгэлээр унажээ. Түүнд зөвлөн туслах, сэтгэл зүйн зөвлөгөө өгөх үйлчилгээ үзүүлдэг мэргэжилтэн хэрэгтэй байна.
Д.Гэрэл
-Одоо ерөнхий боловсролын сургуульд сурч буй харааны бэрхшээлтэй хүүхдүүд тохирсон туслах хэрэглэгдэхүүнтэй байж чаддаг уу?
Э.Н: -Улсын хэмжээнд бүх ерөнхий боловсролын сургуулийг хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд тохирсон хэрэглэгдэхүүнээр хангана гэдэг өргөн хүрээний ойлголт. Бодлогын баримт бичгийг хэрэгжүүлэх шатандаа явж байна. Манай улс сүүлийн хэдэн жил л хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд түлхүү анхаарч, тэгш хамруулан сургах тогтолцоо бүрдүүлж эхэлсэн. Бид 21 аймгийн багш нарыг боломжийн хэмжээнд чадавхжуулж байгаа. Хүүхэд хөгжлийн төвд байгаа тусгай хэрэглэгдэхүүн дээр ажиллах анхан шатны мэдлэг, арга барилтай болгоход анхаарч байна.
Д.Г: -Манай холбоо ердийн сургуульд сурч байгаа харааны бэрхшээлтэй 22 хүүхдийн эцэг, эх, багш, туслах багш, сургуулийн захирал, орон нутгийн Боловсролын газрын дарга зэрэг хүмүүсийг хамруулан уулзалт зохион байгуулсан. Энэ үеэр сургалтын хэрэглэгдэхүүн, томоор бичсэн сурах бичиг хэрэгтэй талаар ярьсан. Үүнийг орон нутаг өөрийн хөрөнгөөр бага багаар шийдвэрлээд явах боломжтой. Гадаад улсад хараагүйн чиглэлээр мэргэшсэн мэргэжилтэн олон бий. Монгол Улсад ийм мэргэжилтэн ховор учир төрийн бус байгууллага, эцэг, эхчүүдийн оролцоонд үндэслэн сул хараатай хүүхдүүдийг олж илрүүлэх, үнэлэх, оношлох хэрэгтэй байна. Тиймээс хороо, дүүргийн нийгмийн ажилтан, өрхийн эмч, багш нар эрт илрүүлэгт чухал оролцоотой. Өнгөрсөн гуравдугаар сард БШУ-ы сайд Л.Энх-Амгалантай манай холбооныхон уулзсан юм. Би сайдын орон тооны бус зөвлөхөөр ажилладаг. Цогц төлөвлөгөө боловсруулж БШУЯ-нд өгсөн. Үүний 2-3 асуудал нь сул хараатай холбоотой. Сул харааг оношилдог, үнэлдэг мэргэжилтнийг анагаахын сургуульд тусгай анги гаргаж бэлдэх, тохирох хэрэглэгдэхүүн бий болгох, сэтгэл зүйн зөвлөгөө, үйлчилгээг ТББ гэрээгээр гүйцэтгэх зэрэг төлөвлөгөө боловсруулж, салбарын яамандаа хүргүүлсэн.
Т.Б: -Биднийг сургалтад сууж, мэдлэгтэй болохоос өмнө харааны бэрхшээлтэй хүүхдүүд ердийн сургуульд сураад эхэлчихсэн байсан. Үүнд аав ээжийнх нь хичээл зүтгэл их хэрэгтэй. Би сургалтад суухаас өмнө хүүхдүүдээ үзээд ихэвчлэн 116 дугаар тусгай сургууль руу л явуулдаг байлаа. Зарим эцэг, эхийн хүсэлтээр цөөнгүй хүүхдийг ердийн сургуульд сургасан. Тэд эцэг, эх, багш нарынхаа тусламжтайгаар сайн сурч байна. Самбар луугаа ойртож суугаад, гар утас, iPad, тусгай хэрэгслийн тусламжтайгаар бусдын адил сурч чадаж байгаа. Энэ төслийн хүрээнд сул хараатай хүүхдэд тохирсон хэрэглэгдэхүүнийг шууд сонгоод зөвлөөд өгөх боломж бүрдэж буй нь сайн хэрэг юм.
-Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төвд харааны бэрхшээлтэй хүүхдүүд хэр ханддаг вэ. Тэдэнд ямар тусламж үйлчилгээ үзүүлдэг бол?
Т.Б: -Манай төвд ихэвчлэн саажилттай, даунтай гээд хөгжлийн ямар нэгэн бэрхшээлтэй хүүхдүүд ханддаг. Хоёр жилийн өмнөөс бид хүүхэд бүрийн нүд, чих, хамар, хоолойг үзэж, дүрс оношилгоо, ЭХО, рентгенд харж, эрт илрүүлэг хийж эхэлсэн. Надад өдөрт үзүүлж буй 10-20 хүүхдийн 80 хувь нь харааны ямар нэг асуудалтай байна. Тэдний 50 орчим хувь нь анх удаа нүдний эмчид үзүүлж байгаа юм. Тэгэхээр эцэг, эхчүүд тулгуур эрхтнийх нь бэрхшээлд голлон анхаараад нүдний эрүүл мэндийг нь орхигдуулсан байдаг. Ер нь харааны бэрхшээл үүссэнийг тухайн хүн болон эцэг, эхчүүд нь хүлээн зөвшөөрөх хугацаа гэж бий. Энэ нь дунджаар хоёр сараас хоёр жилийн хооронд үргэлжилдэг. Энэ үеэ даван туулсны дараа сул харааны төвд хандах хэрэгтэй. Сонин уншихад, юм оёход, компьютер дээр ажиллахад хэцүү байна уу гэдгээ тодорхойлж, үүндээ үндэслэн мэргэжлийн эмч ямар томруулагчтай, аль багажийг хэрэглүүлэх вэ гэдгийг шийднэ. Сургалтад суусны дараа би сул хараатай хүүхдүүдэд яаж итгэл найдвар өгөх вэ гэж бодох болсон. Сул хараатай хүний бусдаас хамааралтай байх түвшнийг бууруулах нь бидний гол зорилго. Өөрөөр хэлбэл, бусдаас хамааралгүй биеэ яаж авч явах вэ гэдэгт туслах нь бидний эцсийн зорилго юм.
Т.Булган
-Сул хараагаа оношлуулахын тулд хаана хандах боломжтой вэ?
Т.Б: -Өмнө нь хэлсэнчлэн сургалтад хамрагдсан 12 мэргэжилтэн зөвлөгөө өгөх боломжтой. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төвөөс би, ЭХЭМҮТ-ийн хоёр, АШУҮИС-ийн харьяа эмнэлгийн болон хувийн хэвшлийн нэг эмнэлгийн эмч энэ сургалтад хамрагдсан. Мөн Ховд, Архангай, Дундговь, Хөвсгөл, Дархан-Уул, Дорнод аймгийн зургаан эмч мэргэшсэн. Сул харааны тусламж, үйлчилгээг анхдагч, хоёрдогч, гуравдагч гэж ангилж болно. Анхдагч тусламж үйлчилгээг багш, өрхийн эмч нар үзүүлэх буюу илрүүлэхэд туслах бол хоёрдогч тусламж, үйлчилгээ нь нүдний шил тааруулах, гуравдагч нь хэрэгцээтэй тоног төхөөрөмж, хэрэглэгдэхүүнээр хангах юм. Эхний хоёр тусламж, үйлчилгээг сайн үзүүлж чадвал гурав дахь шатлалд ачаалал багасна.
Э.Н: -Анхан шатны тусламж, үйлчилгээ үзүүлэх чадвартай багш бэлдэхэд бид анхаарч ажиллаж байгаа. Ялангуяа сургуулийн өмнөх боловсролын багш нарт зориулсан тэгш хамруулах, тусгай хэрэгцээт боловсролын талаар сургалт төдийлөн явагддаггүй учраас мэдээлэл багатай байдаг. Тиймээс ирэх наймдугаар сард цэцэрлэгийн 250 багшийг чадавхжуулах бэлтгэл ажлаа хангасан.
-Хүмүүс ихэвчлэн хараа зүйн төвд хандаж, нүдний шил тааруулаад зүүчихдэг. Энэ хэр оновчтой вэ?
Т.Б: -Насанд хүрэгчдийн тухайд бол болно. Харин хүүхдэд булчингийн чангарал гэж байдаг учраас нүдний дусаалга дусааж байж, үзлэг хийдэг юм. Тиймээс хүүхдээ заавал нүдний эмчид үзүүлэх хэрэгтэй.