Төмсний үнийн өсөлт нь шатахууны өсөлттэй хамааралгүй, нийлүүлэлтийн хомсдол үүссэнтэй холбоотой байна хэмээн Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас мэдээллээ. Мөн хүнсний ногооны үнийн талаарх дараах мэдээллийг өглөө.
Хүнсний ногооноос төмсний үнэ 37.5%-аар нэмэгдсэн, орос сонгино 5,1%-аар, монгол лууван дунджаар 14,8%-аар, монгол шинэ ургацын байцаа дунджаар 45%-аар, хүрэн манжин 21,3%-аар тус тус буурсан үзүүлэлттэй байна.
Барс зах дээр 8 тн төмс бууж УБ хотын зах дэлгүүрүүдээр нийлүүлэгдэж Номин 2кг нь 8198₮, И-Март 1кг нь 1880₮, Барс кг нь 4500, бөөн 3500₮, Хүчит шонхор 4000-4500₮, Алтжин бөмбөгөр 4500-5000₮, Амгалан 4500₮ -р худалдаалж байна. Шинэ ургацын төмс гарч нийлүүлэлт нэмэгдэж эхэлж байгаа бөгөөд цаашид үнэ буурах хандлагатай байна. ШӨХТГ-с ажлын хэсэг гарч зах зээлийн зарчмаараа өссөн үү, үгсэн хуйвалдаж үнэ тогтоосон уу гэдэгт шалгалт хийж байна. Мөн дотоодын ногоочдоо дэмжих үүднээс төмсний импортын татварыг 30% болгож өсгөсний улмаас импортын төмс орж ирэхгүй байгаа бөгөөд шинэ ургацын төмс гарч ирээгүй байх 7 сарын дунд үед хомсдол үүсч байна. Иймд тариалалтыг нэмэгдүүлэх, 7 сард импортын татварыг хөнгөлж уян хатан болгох, зоорь савны нөөцийг нэмэгдүүлэх, хомсдол үүссэн үед борлуулах дотоодын хүнсний ногооны нөөцийг бүрдүүлэх гэх мэт бодлогын зөвлөмжийг ХХААЯ-нд хүргүүлэхээр бэлтгэж байна.