Европт хэт халж, агаарын температурын дээд амжилт эвдэгдэж, олон зуун хүн амьсгал хурааж, иргэд ой, хээрийн түймрээс дүрвэхээс өөр аргагүйд хүрч байна. Британид хэт халалт нь замын гадаргуу хайлах, төмөр зам эвдрэх зэрэг дэд бүтцийн хохирол учруулж буй. Англид төмөр замчид нарны тусгалыг ойлгохын тулд зам төмрөө цагаанаар будаж байна. 40 градус давсан халуун нь төмөр зам, эрчим хүчний шугам, хөдөлгөөнт холбоог таслах болжээ. Цаг уурын алба нь улаан буюу хамгийн хүчтэй халууны түгшүүр зарлаад байна. Иргэдийг онцын шаардлагагүй бол түргэн тусламж дуудахгүй байх, ажлын арга барил, өдөр тутмын хэв маягаа өөрчлөхийг уриалав. Хэт халсны улмаас хөөрөх зурвас эвдэрсэн тул Лондоны “Лютон” нисэх буудал хэдэн цагийн турш үйл ажиллагаагаа зогсооход хүрчээ. Британи даяар температурын дээд үзүүлэлтүүд эвдэгдэж байна. Өвлийн улиралд мөстсөн асфальтан дээр элс цацдаг шиг аагим халуунтай тэмцэж, замыг зөөлрүүлэхгүйн тулд гадаргуу дээр чулуун үйрмэг цацдаг гэнэ. Лондоны Хаммерсмит гүүрний гинжийг хэт халахаас хамгаалахын тулд мөнгөлөг тугалган цаасаар бүрсэн гэнэ. Гинжийг зуны улиралд 13 градусаас хэтрүүлэн халаахгүй байхаар зохицуулдаг бөгөөд ямар нэг шалтгаанаар 18 градус хүртэл халбал гүүрний хөдөлгөөнийг хаахаас өөр аргагүй болдог аж. Дүрэмт хувцасны оронд сурагчдыг биеийн тамирын шорт, подволктой сургуульд ирэхийг зөвшөөрсөн байна. Амьтны хүрээлэн, зэрлэг ан амьтдын цэцэрлэг, байгалийн нөөц газар амьтдыг усжуулахын тулд чадах бүхнээ хийж байгаа аж. Лондоны хүрээлэнгийнхэн самар, үр хийсэн мөстэй цай амьтдадаа өгдөг болжээ. Мөн амьтдаа усанд сэлэх, хүйтэн шүршүүрт орох нөхцөл бүрдүүлсэн гэнэ.
Европт хэт халалт нэмэгдэж, улам хүчтэй, удаан үргэлжилж байгааг цаг уурын судлаачид тэмдэглэж, Британид л гэхэд жилд 2000 орчим хүн халууны улмаас хорвоог орхиж буйг онцолсон байна. Португалд саяхан агаарын температур 47 градуст хүрчээ. Тус улсад энэ жил түймэр аль хэдийн 30 мянган га ой мод сүйтгэв. Энэ нь 100 гаруй хүн амьсгал хураахад хүргэсэн 2017 оны зунаас хойш гарсан гал түймрийн хамгийн том хохирол юм.
Францын баруун өмнөд нутагт 14 мянга гаруй хүнийг нүүлгэн шилжүүлэх шаардлагатай болж, тус улсын 96 бүс нутгийн 38-д нь аюулын хоёр дахь буюу улбар шар түвшин зарлажээ. Жиронде мужийн 100 гаруй ам км газар түймэрт автсан гэнэ.
Испанийн Михас мужийн захиргаанд 3000 гаруй хүн түймрээс дүрвэхэд хүрчээ. Ойн түймэр Кастили-и-Леон, Галиси, Экстремадура мужид нь асаж байна.
Италийн Засгийн газар тус улсын хамгийн урт мөрний По хөндийд онц байдал зарлажээ. Халууны улмаас мөрний зарим хэсэг горхи болтлоо багассан байна. Тэрчлэн баруун талаараа Марокко, зүүн талаараа Крит арлаас эхлээд Газар дундын тэнгис даяар ноцтой нөхцөл байдал үүсжээ. Мароккогийн эрх баригчид 1300 гаруй оршин суугчаа яаралтай нүүлгэн шилжүүлж, хойд нутгийн Лараче мужийн ойд гарсан түймрийг унтраахаар гал сөнөөгчдийн нэмэлт хүч илгээсэн байна.
Герман хэт халалт, ган гачиг, үер зэрэг байгалийн гамшиг төсөвт нь сүүлийн 20 жилийн хугацаанд жил бүр дор хаяж 6.6 тэрбум еврогийн хохирол учруулжээ. Зарим тохиолдолд байгалийн гамшигтай тэмцэх зардал хэдэн арван тэрбум евро давсныг эдийн засгийн судалгааны “Prognos” компаниас нийтэлсэн тайланд дурдсан байна. Өнгөрсөн онд Рейнланд-Пфальц, Хойд Рейн-Вестфали мужид буусан үерээс 40 тэрбум еврогийн хохирол учирчээ.
Цаг уурын онцгой нөхцөлөөс шалтгаалж чулуу нурах эрсдэлтэй тул уулчдыг Монблан ууланд авирахаа хойшлуулахыг уриалжээ.