"НЭГДҮГЭЭРТ ХҮҮХЭД” үндэсний хөдөлгөөний хүрээнд Монголын хүүхдийн зөвлөлийн МАЙХАНТ чуулганыг 2022 оны долдугаар сарын 18-21-нд Олон улсын хүүхдийн Найрамдал цогцолборт зохион байгуулж буй. Монголын Хүүхдийн зөвлөлийн МАЙХАНТ чуулганы оролцогч 550 гаруй хүүхэд, өсвөр үеийнхэн болон 21 аймаг, нийслэл, 9 дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, хэлтсийн дарга нар, хүүхдийн хөгжил, оролцоо хариуцсан мэргэжилтнүүдэд Хүүхэд хамгааллын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг танилцуулж, санал авлаа.
Оролцогчдын зүгээс хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд хүүхэд хамгааллын үндэсний тогтолцоог тодорхойлж, хүүхэд хамгааллын бодлого зохицуулалт, хамгааллын үйлчилгээг мэргэжил, арга зүйн удирдлагаар хангаж ажиллах төрийн байгууллагуудын чиг үүргийг нарийвчлан зааж, хүүхэд, гэр бүлийн асуудал хариуцсан нийгмийн ажилтны чиг үүрэг, хүүхэд хамгааллын үйлчилгээний хэлбэр, төсвийн асуудлыг тусгаж өгсөн нь чухал болохыг онцолсон юм. Түүнчлэн эцэг эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн хүүхдийн өмнө хүлээх үүрэг, хариуцлага, багш, сурган хүмүүжүүлэгчийн хүүхдийн эрхийг хүндэтгэх, дээдлэх, боловсролын орчин дахь хүүхэд хамгааллын асуудлыг тодорхой тусгаж, хуулийн зохицуулалтыг сайжруулах хэрэгцээ шаардлага байгааг уламжилж, саналаа өглөө.