ХХААХҮ-ийн яамнаас эрт ургацтай холбоотой мэдээллийг өглөө. Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотод Сэлэнгэ аймгийн Орхон сумаас эрт ургацын төмс нийлүүлэгдэж эхэлсэн байна. Ургац хураалт идэвхжиж, нийлүүлэлт нэмэгдсэнээр зах зээл дэх хөөрөгдсөн үнэ буурах, тогтворжих хүлээлт байгааг салбарын сайд нь мэдээлжээ. Нарийн ногооны хувьд хүлэмжийн улаан лооль, өргөст хэмх, навчит ургамлын хураалт жигдэрч, Улаанбаатар хотын хэмжээнд өдөрт 10 тонн хүлэмжийн ногоо нийлүүлэгдэж байгаа аж. Энэ нийлүүлэлтийг тогтворжуулж, үнэ буурах нөхцөлийг бүрдүүлнэ гэж үзэж байгаа юм.
Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас ургац хураалтын бэлтгэлийг эртнээс хангах, хураалтын ажлыг технологийн хугацаанд үр дүнтэй зохион байгуулах, ургац хураалтад оюутан залуучуудыг ажиллуулах нөхцөл боломжийг бүрдүүлэх, ургацын борлуулалт, тээвэр зохицуулалтыг нэгдсэн удирдлагаар хангах, шатахууны хангамжийг тогтвортой байлгах талаар Засгийн газрын тогтоол гарсан байна.