Европт омикрон омгийн дэд хувилбаруудаас үүдэлтэй коронавирусийн халдварын шинэ давалгааг эхэлж буй талаар Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын (ДЭМБ) Европын товчооны тэргүүн Ханс Клюге зарлав.
"Бид өнгөрсөн зуныхтай төстэй нөхцөл байдалд байгаа нь тодорхой байна. Энэ удаад үргэлжилж буй COVID-19-ийн давалгаа нь омикрон омгийн BA.2, BA. 5 дэд хувилбаруудаас үүдэлтэй” гэж тэрбээр хэлжээ.
Эдгээр дэд хувилбар бүр нь вирусийн өмнөх хувилбаруудаас хамаагүй хурдан халдварладаг болохыг Клюге тэмдэглэв.
ДЭМБ-ын төлөөлөгчийн хэлснээр сүүлийн зургаан долоо хоногт Европт коронавирусийн шинэ тохиолдлын тоо гурав дахин нэмэгджээ. Тиймээс өнгөрсөн долоо хоногт Европын бүс нутагт гурван сая орчим халдвар илэрсэн нь дэлхийн нийт шинэ халдварын бараг тал хувь нь юм.
“Өнөөдөр ДЭМБ-ын Европын бүсийн товчоо ирж буй халдварын давалгаанд бэлтгэхэд туслах зорилгоор COVID-19 болон амьсгалын замын бусад вирусийн эсрэг тэмцэх намар-өвлийн стратегийг гаргаж байна. Энэ ажлыг намар эхлэхэд хэтэрхий оройтно" гэж Клуге дүгнэжээ.
Энэхүү стратегийн хүрээнд ДЭМБ вакцинжуулалтыг эрчимжүүлж, хүн амыг дотор болон нийтийн тээврийн хэрэгсэлд амны хаалт зүүхийг уриалж байна.