Үхлийн аюултай өвчин болох Марбургийн вирусын дэгдэлт Гана улсад бүртгэгджээ. Энэ тухай Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын (ДЭМБ) Баруун Африкт суугаа төлөөлөгчид мэдэгдсэнийг South China Morning Post (SCMP) мэдээлэв.
Марбургийн вирус нь Эбологийн бүлэгт багтдаг бөгөөд олон талаараа эболатай төстэй аж. ДЭМБ-аас тодруулснаар Марбургийн халдварын гол тээгч нь Африкийн жимсний сарьсан багваахай гэнэ. Марбург вирус нь халдвар авсан хүнээр бохирдсон ор дэрний цагаан хэрэглэл, хувцас, арьсаар дамжин халдварладаг. Өвчний шинж тэмдэг нь өндөр халуурах, суулгах, түүнчлэн дотуур гадуур цус алдалт юм. Одоогоор Марбургийн вирусийн эсрэг вакцин байхгүй бөгөөд тодорхой батлагдсан эмчилгээ байхгүй гэж ДЭМБ мэдэгдэв.
Эрүүл мэндийн байгууллагууд Гана улсын өмнөд хэсгийн Ашанти мужид анхны тохиолдлыг илрүүлжээ. Дээрх шинж тэмдэгтэй 26 настай болон 51 настай хоёр эрэгтэй эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаад нас барсан бөгөөд үхлийн шалтгааныг Марбургийн вирус хэмээн Ногучигийн Анагаах ухааны судалгааны хүрээлэнгийн шинжээчид тодорхойлжээ.