Европын Холбооны /ЕХ/ орнуудын Гадаад хэргийн сайд нар даваа гарагт Брюссельд хийсэн төлөвлөгөөт уулзалтынхаа үеэр ОХУ-ын эсрэг долоо дахь багц хориг арга хэмжээ авах талаар тохиролцжээ.
Одоо COREPER II хурлаар Байнгын төлөөлөгч нар уг баримт бичгийг эцэслэн боловсруулж байна. Шинэ хязгаарлалтууд нь алт болон давхар хэрэглээний бараа бүтээгдэхүүнд хамаарах боловч эрчим хүчний эх үүсвэрт хамаарахгүй аж.
Түүнчлэн Оросын хийг Европ руу нийлүүлсний төлбөрийг хийж байгаа Газпромбанкны эсрэг хориг арга хэмжээ тусгагдаагүй аж.
Мөн шинэ багц хориг арга хэмжээнд Оросын 48 иргэн, нэг шадар сайд, бүс нутгийн улстөрчид, есөн байгууллага өртөх бөгөөд ямар байгууллага яг хэн гэдэг нь одоогоор тодорхойгүй байна.
Түүнчлэн төрийн худалдан авалтыг хязгаарлах, нягтлан бодох бүртгэлийн үйлчилгээ, аудитыг хориглох зэрэг арга хэмжээ орно.