Британийн Гадаад хэргийн сайд Элизабет буюу Лиз Трасс тус улсын Ерөнхий сайдын албан тушаалд нэр дэвшсэн 11 дэх хүн болж, Украиныг идэвхтэй дэмжиж, Кремлийн эсрэг хориг арга хэмжээ авснаа онцолсон. Нэр дэвшигчид дунд түүнийг хамгийн туршлагатай нь гэдгийг хэвлэл мэдээллийн хэрэгслүүд онцлов. Тэрбээр бүх өрсөлдөгчийнхийг нь нийлүүлснээс илүү олон цагийг Сайд нарын танхимд өнгөрөөсөн бөгөөд Борис Жонсоныхоос гадна Дэвид Кэмерон, Тереза Мэйгийн Засгийн газарт янз бүрийн албан тушаал хашсан онцлогтой.
“БРИТАНИЙН АРД ТҮМНИЙ САЙН САЙХНЫГ НЭГДҮГЭЭРТ ТАВЬСНААР БИД ЯЛНА”
“Дэлхийн эдийн засгийн хямралын үед бид дотооддоо асар том сорилттой тулгарч байна. Түрэмгийлэгч Оросоос авхуулаад улам хүчирхэгжиж буй Хятад хүртэл гадаадын асар том сорилттой тулгарч буй. Дараагийн сонгуульд бэлдэхэд хоёр жил хүрэхгүй хугацаа бидэнд үлдлээ. Энэ нь амаргүй тулаан байх хэдий ч Британийн ард түмний сайн сайхныг нэгдүгээрт тавьснаар бид ялна. Би удирдагч нь байж, хатуу шийдвэр гаргаж чадах учраас нэрээ дэвшүүлж байна” хэмээн Лиз Трасс бичжээ.
Элизабет Трасс бага насаа Йоркшир мужийн Лидс хотод өнгөрөөсөн бөгөөд улс төрийн зүүний үзэлтэй эцэг, эх нь бяцхан охиноо цөмийн зэвсгээс ангижруулах кампанит ажилд татан оролцуулсан аж. Тэрбээр Лидс дэх улсын сургуульд сурч, дараа нь Оксфордын их сургуулийн Мёртон коллежид гүн ухаан, улс төр, эдийн засгийн чиглэлээр суралцаж байхдаа Либерал ардчилсан намын салбарыг удирдаж байв. Санхүүгийн боловсролтой болсон учир олон улсын “Shell and cable & wireless” компанид ажиллажээ. Хувийн бизнесийг төрийн үйлчилгээний салбарт татах төлөвлөгөө боловсруулсан “Шинэчлэл” судалгааны төвийн дэд захирлаар тэрбээр 2008 онд томилогдсон байна.
ХАМГИЙН ЗАЛУУ ЭМЭГТЭЙ САЙД
Улс төрийн карьераа тэрбээр 1996 онд Консерватив намд элссэнээр эхлүүлж, 1998-2000 онд Лондон дахь Левисам Дептфордын Консерватив нийгэмлэгийг тэргүүлж байжээ. 2001 оноос парламентад сонгогдох оролдлогоо эхлүүлсэн ч 2010 онд л амжилт олсон аж. 2012 онд Ерөнхий сайд асан Дэвид Камерон анхны танхимдаа 50 шинэ томилгоог нэг дор хийж, Элизабет Трасс Боловсролын сайдын парламентын Төрийн нарийн бичгийн даргын орлогч болсон байна. 2014 онд Д.Кэмерон түүнийг Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн сайдын албан тушаалд дэвшүүлжээ. Тийнхүү тэрбээр Британийн хамгийн залуу эмэгтэй сайд болсон юм. 2015 оны тавдугаар сарын 7-нд парламентын ээлжит сонгууль болж, Э.Трасс улиран сонгогдов. Мөн сарын 11-нд Дэвид Кэмерон хоёр дахь Засгийн газраа байгуулж, Элизабет Трассыг Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн сайдаар хэвээр үлдээжээ.
2016 онд тэрбээр Тереза Мэйгийн анхны танхимд Ерөнхий прокурор, Лорд-Канцлераар томилогдсон байна. 2017 оны зургадугаар сарын 11-нд Тереза Мэйгийн хоёр дахь танхимд Сангийн яамны тэргүүн нарийн бичгийн даргаар томилогдов. Улмаар 2019 оны долдугаар сарын 24-нд Борис Жонсоны танхимд Гадаад худалдааны яамны Төрийн нарийн бичгийн дарга, Британийн худалдааны зөвлөлийн даргаар томилогдсон аж. Мөн оны есдүгээр сарын 10-нд Засгийн газрын бодлоготой санал нийлэхгүй байгаагаа илэрхийлсэн Эмбер Радд огцорсны дараа Э.Трасс Эмэгтэйчүүд, тэгш байдлын сайдын албан тушаалыг давхар хаших болжээ.
Британийн Ерөнхий сайд Борис Жонсон эрх баригч Консерватив намын даргын албан тушаалаасаа огцорч буйгаа энэ сарын 7-нд мэдэгдсэн билээ. Уг албан тушаалын төлөө өрсөлдөхөөр 11 нэр дэвшигч бүртгүүлснээс өдгөө тав нь тунаж үлдээд байна. Тус нам шинэ удирдагчаа сонгомогц тэрбээр Сайд нарын танхимын тэргүүний суудлаа орхино. Юуны түрүүнд, парламент дахь Консерватив намын фракц хэд хэдэн санал хураалт явуулснаар хамгийн хүндтэй нэр дэвшигчид шигшигдэн үлдэнэ. Тунаж үлдсэн хоёр нь тус намын бүх гишүүд санал өгөх сонгуульд оролцох юм. Ялагч нь Британийн шинэ Ерөнхий сайд болох бөгөөд түүний нэр ирэх есдүгээр сарын 5-нд тодорхой болно.