Энэ сарын 8-18-нд буюу наадмын амралтын өдрүүдэд гал түймэр, аюулт үзэгдэл, ослын улмаас нийт 29 хүн нас барж, 15 иргэн бэртжээ. Дээрх хугацаанд онцгой байдлын байгууллагад усны ослын 18 дуудлага ирсний дагуу 21 иргэнийг эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан байна. Тэдгээр иргэний 20 нь амиа алдсан бөгөөд нэг иргэнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байгаа аж. Мөн тус газрын албан хаагчид зам, тээврийн ослын таван удаагийн дуудлага хүлээн авчээ. Үүний дагуу газар дээр нь ажиллаж, автомашины төмөр хийцэд хавчуулагдан амиа алдсан хоёр хүнийг цагдаагийн байгууллагад хүргэж, бэртэж, гэмтсэн 15 иргэнийг эмнэлэгт хүргэжээ.
Дээрх өдрүүдэд Онцгой байдлын ерөнхий газрын албан хаагчид аюулт үзэгдэл, осол, объектын гал түймрийн нийт 75 дуудлага хүлээн авч, 17 иргэнийг аварч, 120 гаруй хүнд тусламж, үйлчилгээ үзүүлсэн байна.
Бэлтгэсэн Ц.Дүүрэнжаргал