Японы Ерөнхий сайд асан Шинзо Абэгийн аминд энэ сарын 8-ны баасан гаригт халдсан хэмээн сэжиглэгдэж буй 41 настай Тэцүя Ямагами ээж нь холбоотой байсан, түүний бодлоор хуримтлуулсан мөнгөө ч зориулсан шашны бүлгийг дэмждэг байсны учир улстөрчийн амийг бүрэлгэсэн байх магадлалтай болж байна. Шашны чухам ямар бүлгийн тухай ярьж буйг албан ёсоор тодорхой мэдээлээгүй ч Ямагамигийн ээж 1954 онд коммунизмыг эсэргүүцэгч Сон Мен Мун гэгчийн үүсгэж бий болгосон Нэгдлийн сүм гэдэг шашны байгууллагын гишүүн байсан нь тодорхой болжээ. Абэг Нара хотод сонгуулийн сурталчилгаанд оролцож үг хэлж байхад нь гар хийцийн буугаар буудсан юм. Сэжигтнийг тэр даруйд баривчилсан, тэрбээр шашны нэгэн бүлэгт дургүйцэж явдгаас уг хэргийг үйлдсэн гэж мэдүүлээд буй. Юуны түрүүнд уг бүлгийн удирдагчийг, дараа нь Абэг хөнөөхөөр төлөвлөж байсан гэж мөрдөн байцаагчдад тэр хэлсэн аж. 20 гаруй жилийн хугацаанд ээж нь уг байгууллагад ихээхэн мөнгө хандивласнаас энэ айл санхүүгийн гачигдалд орсон аж. Ямагамигийн ээж сүмд 1998 онд элсэж, 2009-2017 онд хэлхээ холбоогүй байснаа 2-3 жилийн өмнөөс буцан нэгдэж, сүүлийн хагас жил цугларалтад нь тогтмол очих болжээ.
Энэхүү Нэгдлийн сүм нь Өмнөд Солонгост үүсэн бий болж, олон залуугийн хурим найрыг хамтатган өргөн өтгөн хийдгээрээ олонд танил болсон аж. Түүнийг үндэслэгч гэгддэг Мун 1920 он Умард Солонгосын Чонжу хотод төрж, 2012 онд нас баржээ. Тэрбээр Нэгдлийн сүм байгуулах даалгаврыг Исүс Христээс өөрөөс нь авсан гэдэг байж. Сүм нь олон хэвлэлийн газар, фабрик, худалдаа эрхэлдэг компани, сургалтын байгууллагатай, ашгийн төлөө үйл ажиллагаа явуулдаг юм байна. Татвараас зайлсхийсний улмаас Мун 1984 онд АНУ-д 1.5 жил шоронд хоригдох ял шийтгүүлж 11 сар болоод суллагдан Өмнөд Солонгостоо буцаж ирээд Нэгдлийн сүм төдийгүй бизнесээ хүүхдүүддээ өгчээ.
Дэлхий дахины энхтайван, эв нэгдлийн төлөө Гэр бүлийн холбооны Японы салбарын ерөнхийлөгч Томихиро Танакагийн хэлснээр Шинзо Абэ ч, түүний амийг бүрэлгэсэн хэргээр баривчлагдаад байгаа этгээд ч сүмийн гишүүн байсангүй. Гэхдээ сүмийн зохион байгуулдаг арга хэмжээнд Абэ мэндчилгээ явуулж, дэмжлэг үзүүлэхээ илэрхийлдэг байсан гэж Танака нотолсон гэнэ. Өнгөрсөн оны есдүгээр сард сүмтэй хэлхээ холбоотой компанийн зохион байгуулсан арга хэмжээнд Абэ оролцож үг хэлсэн гэж Сүмийн цахим хуудсанд мэдээлсэн байна. Сүмийг үүсгэн байгуулсан Сон Мен Мун Японы олон улстөрчтэй танил, коммунизмын эсрэг “Коммунизмыг ялахын төлөө олон улсын холбоо”-ны урилгаар 1960-аад оны эцсээр Японд очиж байжээ. Түүнтэй хийсэн уулзалтын хүндэт дарга нь Шинзо Абэгийн өвөө Японы Ерөнхий сайд, Парламентын гишүүн байсан Нобүсүкэ Киси байв.
Абэ, Нэгдлийн сүм хоёрын хоорондын харилцаа холбоо ихээхэн сул байсан гэж шинжээчид нотолдог аж. Тус байгууллагын түүхийг судлаач Хоккайдо их сургуулийн профессор Йосихидо Сакурай Ерөнхий сайд агсны энд хэлсэн үгийг “Олон түмний саналыг нам руугаа татах хүсэлтэй улстөрчийн жирийн ажил” хэмээн дүгнэжээ. Японы төрийн бодлогын асуудлаар мэргэшсэн АНУ-ын Умард Каролины их сургуулийн судлаач Леви Маклоклин Нэгдлийн сүмийг Абэгийн Либерал-Ардчилсан нам (ЛАН) дэмжлэгт нь найдаж байдаг барууны үзэлтэй шашны байгууллагуудын нэг л гэж үздэгээ ярьсан байна.
Тэцүя Ямагамигийн ээж нь Хонсю арлын төв хэсгийн өмнөдөд байх Нара хотод амьдардаг аж. “Ройтер” агентлагийн сэтгүүлчид түүний гэрийг эрж олсон ч тэнд хэн ч байсангүй, тэгээд тэр хавийн хүмүүстэй уулзаж ярилцахад хүү нь Абэг буудсан газраас ердөө галт тэрэгний нэг зогсоолын зайтай газар, аятайхан дүүргийн амар жимэрхэн гудамжны эцэст суудаг гэж тэд хэлсэн байна. Тэр байшингийн дэргэд хоёр цагдаа байнга жижүүрлэж байдаг аж. Буун дуу гарахаас хэдхэн агшны өмнө сэжигтэн этгээд Абэгийн ар талд саарал цамцтай, хар цүнх үүрэн зогсож байжээ. Хөршүүдийнх нь нэг, 87 настай эмэгтэй ярихдаа Ямагамигийн ээж удаан хугацаанд ганц бие амьдарсан гэжээ. Нэгдлийн сүмд харьяалагддаг байшингийн хананаас сумны ул мөр олдсон гэж Нара хотын цагдаагийн байгууллага мэдэгдсэн байна. Абэгийн амь насанд халдахынхаа урьд өдөр нь энд бэлтгэл дадлага хийсэн гэж Тэцүя Ямагами ярьжээ.
Шинзо Абэг барагцаалбал Японы 11.30 цагт буудсан. Хүнд шархадсан түүнийг Нара хотын Анагаах ухааны их сургуулийн эмнэлэгт нисдэг тэргээр хүргэхэд амьдын шинж тэмдэггүй байсан бөгөөд 17.03 цагт Абэг амьсгал хураасан хэмээн зарласан билээ. Тэрбээр 1936 оны хоёрдугаар сарын 26-нд алагдсан Сайто Макота, Тамахаси Корэкие нарын дараа амиа алдсан анхны Ерөнхий сайд, Коки Исиягаас хойших алагдсан анхны Конгрессийн гишүүн юм. Энэ сарын 10-нд хийхээр товлосон дээд танхимын давтан сонгуульд Либерал-Ардчилсан намаас нэрээ дэвшүүлсэн Кэи Сатогийн сурталчилгаанд Абэ оролцож байжээ. Абэд хамгаалалт байсан ч сэжигтнийг түүнээс хэдхэн метрийн зайтай болтол ойртоход хэн ч саад хийсэнгүй. Абэ рүү бүтэн хагас секундийн хугацаанд хоёр буудсан байна. Эхний сум байгаа оносонгүй, буу дуугарсны дараа Абэ гэмт этгээдийн зүг эргэж харахад нь хоёр дахь удаагаа буудаж, Абэгийн аюулгүй албаныхан сэжигтнийг баривчлахад тэрбээр эсэргүүцэл үзүүлсэнгүй. Абэ цус их алдаж, дөрвөн цагийн турш цус сэлбэсэн ч амьсгал хураасан гэж доктор Хидэтада Фүкүсима мэдэгдсэн юм.
Алуурчин гэгдэж буй Тэцүя Ямагами 2002-2005 онд өөрийгөө хамгаалах тэнгисийн цэргийн хүчинд алба хааж байв. Хэрэг үйлдэх үедээ ажилгүй байж. Энэ оны тавдугаар сард эрүүл мэндийн шалтгаанаар халагдаад Киото мужийн нэгэн агуулахад ачигчаар ажиллан, “номхон, чимээгүй хүн” гэж үнэлэгдэж байсан гэнэ. Тэрбээр Нара хотод Абэ юу хийх талаарх мэдээллийг, өөрөөр хэлбэл, хөтөлбөрийг нь түүний цахим хуудаснаас нь мэдэж авчээ. Түүнээс гадна Абэгийн аминд халдахаар хэдэн сар төлөвлөсөн байна. Абэгийн улс төрийн үзэл бодолд нь Ямагами дургүйцэж байсангүй, гагцхүү шашны бүлэгтэй холбоотой гэж үзэн хорсож явдаг байж. Түүний гэрийг цагдаа нар нэгжихэд гар хийцийн дэлбэрэх төхөөрөмж, гар буу олдсон гэнэ. Сайд нарын танхимын ерөнхий нарийн бичгийн дарга Хироказү Мацүногийн ярьснаар бол Индонезид болсон “Их-20”-ийн уулзалтад оролцож байсан Гадаад хэргийн сайд Есимаси Хаясийг ч дуудан ирүүлж, энэ эмгэнэлт явдлын дараа Засгийн газрын гишүүд цугласан байна. Улс төрийн удирдагчдын олонх нь сонгуулийн өмнөх ажлаа хойшлуулж Токиод ирцгээв. Тэгээд Хямралт байдлыг зохицуулах төвийг Ерөнхий сайдын ажлын албаны бүрэлдэхүүнд байгуулжээ. Сайд нарын танхимын гишүүд болон тэргүүлэх улстөрчдийн аюулгүй байдлыг сахиулах ажлыг хүчтэй болгох шийдвэр Ерөнхий сайд Фүмио Кишида гаргасан байна.
Абэ тухайн үедээ Японы хамгийн залуу Ерөнхий сайд гэгдэж байхдаа 52 настай байлаа. Тэрбээр үе залгамжилсан улстөрч, дэлхийн II дайнаас хойш ертөнцөд мэндэлсэн Японы анхны Ерөнхий сайд байв. Түүний өвөө Нобүсүкэ дэлхийн сүүлчийн дайны үед Ерөнхий сайдаар ажиллаж байгаад дайны дараа цэргийн гэмт хэрэгтэн гэгдэж яллагдсан аж. Үеэл ах Эйсакү Сато нь Япон улсаа цөмийн зэвсгээс татгалзуулж чадсан учир Нобелийн шагнал хүртэж байжээ. Шинзо Абэгийн эцэг Синтаро Абэ ЛАН-ын нэртэй удирдагчийн нэг байсан юм. Шинзо Абэг “Өвөөгийнхөө мах цусны жинхэнэ тасархай” гэж япончууд үздэг байсан нь Өрнөдийн үзэл, Америкийг талархдаг байсантай нь холбоотой аж.
Эцэст нь сонирхуулахад, Абэгийн амийг хөнөөсөн буун дуунаас хойш 30 минутын дараа түүний үг хэлэхээр төлөвлөж байсан албан байр руу довтолно хэмээн утсаар заналхийлсэн гэнэ. Үүнээс хэдэн цагийн дараа Сингапур, Тайванийн Ерөнхий сайд Ли Сянь Лун, Цай Инвэнь нарын аминд халдана гэж сүрдүүлжээ. Сингапурийн цагдаа нар 45 настай эрэгтэйг баривчлав. Цай Инвэньд заналхийлсэн хүн нь Тайнань хотод амьдардаг 22 настай залуу байжээ.
Бэлтгэсэн Р.Оюунжаргал