-Наадамчид хөхүүрийн айраг хэр сонирхож байна вэ. Учир, ялгааг нь ойлгож байх юм уу?
-Олонх нь ойлголгүй яах вэ. Ууж үзээд “Өөр юм аа. Гоё байна шүү” гээд дахин аягалуулж байна.
-Жинхэнэ айраг хоол болдог гэж ярьдаг. Үнэн үү?
-Үнэн. Би гэхэд гурав дахь өдрөө айраг ууж явна. Хоол санагдахгүй л байна. Ер нь манай нутагт зуны турш айргаа л голдуу уудаг. Хааяа хоол иднэ ээ.
-Хоол орлох ямар “ид шид”-тэй вэ?
-Гүүний айргийн найрлагад организмыг тэтгэгч олон төрлийн эрдэс, аминдэм агуулагдаж байдаг гэдэг. Ялангуяа А, С, В аминдэмээр баялаг. Кальци, фосфор, зэс зэрэг бүхий л эрдэс, аминдэм бий гэдэг. Зүрх, судасны үйл ажиллагааг дэмжиж, мэдрэлийн системийг сэргээж, цусны эргэлт, хоол боловсруулалтыг зохицуулдаг гэж эрдэмтэд хэлдэг. Тийм болохоор манай оронд бүр 1950-иад оноос айргаар анагаадаг эмнэлэг, сувиллын газар байгуулсан түүх байдаг юм билээ. Үндсэндээ манай сумын иргэн, шилдэг өвлөн уламжлагч Г.Гүндэгмаа эгчийн айраг исгэх, хөхүүр урлах арга технологид үндэслэн манай улс айргийн соёлоо ЮНЕСКО-гийн биет бус соёлын өвийн жагсаалтад бүртгүүлсэн шүү дээ. Г.Гүндэгмаа эгчийн арга туршлага гэдэг бол манай сумынхны л эцэг, өвгөдөөсөө уламжилж авсан өв гэсэн үг. Ийм онцлогтой нутгийнхан бид нийслэлчүүдэд, наадамчин олонд хөхүүрийн айргийн амт, чанар, ашиг тусын талаар танилцуулж байна.
-Айргийн шим гэж ярьдаг. Шим сайн байх, эсэх нь юунаас хамаардаг юм бол?
-Шимтэй айраг өтгөн байдаг. Тэр өтгөн байдал нь хүний биед ашигтай бодисуудыг агуулж байдаг юм болов уу гэж боддог. Шим сайн байх, эсэх нь өвс, ургамлын чанараас хамаарна. Манай нутагт гүүний саамыг шимтэй болгодог өвс, ургамал бий. Манай сумд таана, монгол ногоо элбэг. Зарим газарт монгол өвс ч гэдэг. Зүлгэрхүү нарийн ширхэгтэй хөх өнгөтэй ногоо байдаг юм. Энэ ногоо бол дээр үеэс алдартай. Монголчууд шүтээн урлалдаа үүнийг дүрсэлсэн байдаг. Тэгж дээдэлж ирсэн. Монголчуудын шүтээн урлалыг төвөд, энэтхэгчүүдийнхээс ялгахад амархан. Монгол урчууд хөх өвсөө суурилж дүрсэлсэн байдаг юм. Мөн айраг шимтэй байх, эсэх нь исгэх арга ажиллагаанаас хамаардаг. Айраг яагаад хатуурдаг вэ. Ахрах ч гэдэг. Шарилж ч юм уу, янз бүрийн үнэртэй ургамал иддэг гүүний сүүгээр исгэсэн айраг амархан хатуурдаг. Тэгэхээр ийм өвс чанар муутай юм шиг. Малын тарга тэвээрэгт дорвитой нөлөөлдөггүйг нь бодоход чанараар тааруу ургамал байх. Зүлэгний айраг гэж байдаг. Өөрөөр хэлбэл, голын эрэг, ширэг хавьцаа идээшилж, зүлэг голдуу хөөдөг гүүний сүүгээр хийсэн айраг гэсэн үг. Бид нэгэн сонирхолтой туршилт хийсэн юм. Нутгаасаа отроор гараад, өөр аймаг, сумд очоод айраг исгэхэд өөрийнхөө сумын Царам, Мойц, Хорхойт, Бөмбий, Ар Хужиртдаа хийсэн шиг гардаггүй. Технологи нь адилхан байхад шүү дээ.
-Гүү нь, саадаг болон бүлдэг хүн нь хэвээрээ байхад уу?
-Тийм. Хөрөнгөө гаргах нь ч хэвээр байхад тийм өөр байдаг. Шинжлэх ухааны академийн нэгэн эрдэмтэн айргийн чанар ямар байх нь агаар, салхинаас хамаардаг гэсэн судалгааны дүн гарсан тухай мэдээлсэн байна лээ. Би үүнтэй санал нийлэхгүй. Ургамалтай холбоотой гэж үзнэ.
-Дундговийн, бас Булган аймгийн Сайхан сумын айраг гоё гэж ойлгодог. Та ууж байв уу, ямар санагддаг вэ?
-Гоё, гоё. Дундговийн Эрдэнэдалайн ч юм уу, ер нь намрын таанатай айраг янзын сайхан шүү дээ. Их уухад согтдог. “Тасарна” гэж ярьдаг даа, тэгж үйлчилдэг юм. Булганы Сайханы айраг арав хоносон ч хатуурдаггүй гэж ярьдаг нь үнэн. Тэндхийн ургамлын онцлог, магадгүй тэр эрдэмтний дүгнэж байгаагаар агаар, салхины онцлог нөлөөлдөг ч юм болов уу. Хүмүүсийн исгэх арга, ажиллагаанаас хамаардаг ч байх. Манай нутгийн айраг Сайханых шиг удаан байдаггүй сул талтай. Дөрөв хоногоос хатуурах гээд байдаг.
-Монголчууд айргаа хөхүүрт исгэж иржээ. Тийм ч учраас амт, шим сайтай байдаг гэж ойлгож байна. Гэтэл сүүлийн үед хөхүүр урладаг хүн ховор боллоо гэж ярих болжээ. Танай сум бол урлаачидтай юм байна. Жишээ нь, энэ хэний бүтээл вэ?
-Малчин Д.Балчинсүрэн ахын гарын хөхүүр. Нутагтаа дээгүүрт тооцогддог урлаач. Үхрийн ширээр хийдэг юм. Та харж байна уу, энэ үхрийн сүүл нь байна. Ингэж бүтнээр нь гаргаж эсгэдэг. Ах бол суран ч, модон ч эдлэлээ өөрөө хийдэг. Үүнийг хараа гэдэг. Өөрөө сийлсэн. Хөхүүрийн уяа гэдэг нь энэ. Морины уяатай л адил ойлголт. Хананд бэхэлж уяхгүй бол хөхүүр өнхрөөд л ирнэ. Айраг асгарна. Уяаны нийтлэг нэр нь цах л даа. Энэ багахан багтаамжтай юм шиг харагдаж байна уу. Гэтэл 70 литр айраг ордог. Ах бүлүүрээ ч өөрөө хийдэг.
Биднийг ийнхүү ярьж байх үед Д.Балчинсүрэн гуай орж ирсэн юм. Үргэлжлүүлэн түүнтэй ярилцлаа.
-Бүлүүрийг ямар модоор хийдэг юм бэ?
-Ишийг нь хусаар, толгойг нь хушаар хийдэг. Толгойг нь дөрвөн зүг, найман зовхисыг бэлгэдэж найман талтай урладаг. Нацагдорж болон эвэр угалзан хээгээр гоёдог. Их биеийг сураар буюу өөрөөр нь үдэж холбодог. Сүүлийн үед хүмүүс мяндсан утсаар үддэг болсон байна лээ. Манай нутагт бол сурыг илүүд үздэг. Тэгээд ч өөр материалаар холбовол илжрэх магадлалтай. Уяаг нь адууны хялгасаар томдог. Оньсон углуургатай. Ер нь бүгдийг гараар хийдэг дээ.
-Та олон хөхүүр урласан уу?
-Нэлээд хийсэн. Гэхдээ сүүлийн жилүүдэд надаар эсгүүлээд авч явдаг болсон. Өөрсдөө оёдог. Тэгэхээр тэр нь миний бүтээл болохгүй. Яаж оёдог, юу болгодгийг мэдэхгүй.
-Жилд хэдэн хөхүүр хийдэг вэ?
-Хөгшин бид хоёр малынхаа араас шогшсоор байгаад өдөр, сар, жилийг бардаг болохоор тухтай барьж суух зав гардаггүй. Адуундаа өдөр бүр явдаг. Хүний нутагт отроор явах хэцүү. Бэлчээрээ харамлаад ийш тийш нь хөөчихдөг. Тун ярвигтай амьдарч байна шүү дээ. Нэг шөнө 60 км газарт хөөсөн байсан.
-Тийм хол уу, арай ч дээ.
-Харин тийм ээ. Бэлчээрээс болж их юм болдог. Хүний малыг ус, ундгүй, зогсолтгүй хөөж болдог юм уу. Турж үхвэл яана. Хөлсийг нь гартал хөөхөд мал цантаад л, хээл хаяна, турна. Улмаар онд орохоор тааруу болдог. Ийм хортой. Ингэж хүний малыг сүргээр нь хядаж болохгүй биз дээ. Энэ мэт байдалд төрөөс анхаарах цаг болжээ.
-Амаргүй байна шүү. Ингээд бодоход хул айраг гэдэг бол малчны бүтэн жилийн хөдөлмөрийн үр шим юм даа.
-Тийм шүү дээ. Та сайн ойлгож байна.
-Товчлоод Айрагийн соёл гээд байгаа юм. Үүнийг дэлхийн биет бус соёлын өвд бүртгүүлэх албан ёсны материалд айраг өргөн дэлгэрсэн нутгаар Булганы Сайхан, Могод, Баян-Агт, Архангайн Хайрхан, Хашаат, Хотонт, Дундговийн Эрдэнэдалай, Өвөрхангай, Бүрд, Баян-Өндөр, Төв аймгийн Баян-Өнжүүл зэрэг сумыг нэрлэсэн байна лээ. Танай айраг сайхан юм. Хоёр хул уулаа. Хөлс гараад байх юм.
-Тэгнэ ээ. Хөхүүрийн айргийн шим гэж байдаг. Ийм айраг гаргах ажлыг нядалсан малыг өвчихөөс эхэлдэг юм. Ямар ч өө сэвгүй, өчүүхэн ч эсгэхгүйгээр өвчих ёстой. Хутганы ирний мөр огт гаргахгүй. Гадны талын арьстай талыг дотор нь оруулдаг. Тэр орчинд айраг исэж, ахардаггүй. Үүр цайж, болжмор жиргэх үед өлөн дээрээ уухад сайн. Бүтэн сар биш юм гэхэд 20 хоног уувал ядаргаа тайлагдана. Бид намраас эхэлж бөхөлзөөд л, жил тойроход хар царайлтлаа ядарчихдаг. Гүүгээ барьж л амарч, ядаргаагаа тайлдаг даа. Би арав гаруй хоног ууж байгаа. Саяхнаас хөлөрч, ядаргаа тайлагдаж буй нь мэдэгдэж байна. Айргийг хөхүүрээр исгэхийн утга учир үүнд л байдаг даа.
-Сайхан айраг гаргая гэвэл сайн бүлэх ёстой гэдэг. Өдөрт хэдэн удаа бүлбэл болох вэ?
-Бүлэх их чухал. Бид тоолдоггүй ээ. Судлаачид зун бол саам хийнгүүтээ 5000-7000, харин намар бол 3000-4000 удаа бүлбэл сайн гэж тогтоосон байдаг юм билээ. Намрын айргийг дэндүү олон бүлэх шаардлагагүй. Байн байн бүлээд байвал шингэрч цайдаг. Гэтэл зуны айргийг дутуу бүлбэл хэтэрхий исгэлэн болох талтай.
-Ер нь хэзээ гүйцэд иссэн гэж үздэг вэ?
-Сайн бүлбэл өдөртөө иснэ ээ.