“Дэлхийн геополитик удахгүй өөрчлөгдөж, олон туйлтай болж, Өрнөдийн ноёрхлын үе дуусна” гэж Британийн Ерөнхий сайд асан (1997-2007) Тони Блэр “Дитчли” сангаас зохион байгуулсан арга хэмжээний үеэр лекц уншихдаа мэдэгджээ. “Энэ зуунд геополитикийн хамгийн том өөрчлөлтийг Орос биш, Хятад хийх бөгөөд дэлхий наад зах нь хоёр, түүнээс олон туйлтай болох нь. Орчин үеийн түүхэнд анх удаа Дорно дахин Өрнөтэй эн тэнцүү болж магадгүй” гэж тэрбээр үзэж байна. “Хятад улс дэлхийн хоёр дахь хүчирхэг их гүрэн бөгөөд эдийн засгийн чадавх, дэлхийн эдийн засаг дахь оролцоо нь Оросынхоос ч өндөр байна. Технологийн олон салбарт Америкийг хэдийн гүйцэж чадсан төдийгүй зарим талаар АНУ-аас түрүүлэхээр байна” гэж Т.Блэр хэлэв. Хятадын удирдлага улам бүр түрэмгий болж, Өрнөдийнхнийг үл тоомсорлон, Оростой ойртож, Тайванийн асуудлыг эцэслэн шийдвэрлэхийг хүсэж буйгаа нуухгүй байгааг тэрбээр онцолжээ. Орос төдийгүй Иран ойрын ирээдүйд Хятадын холбоотон болно гэж тэр үзэж байна. “Их-20”-ийн орнуудын Украины асуудлаарх байр суурь зөрүүтэй байгааг Британийн Засгийн газрын тэргүүн асан тэмдэглэлээ. Цаашдаа Өрнөдийн орнууд цэргийн зардлаа нэмэгдүүлж, Хятадыг эсэргүүцэх хүчтэй хэвээр байхын зэрэгцээ Бээжинтэй түрэмгий биш, ажил хэрэгч, харилцан хүндэтгэлтэй хандахад бэлэн гэдгээ харуулах ёстой гэв. Тэрчлэн эдийн засагт нь хөрөнгө оруулахыг санал болгож буй Хятадын түншүүдтэй харилцахдаа хөгжиж байгаа орнууд илүү болгоомжтой хандах боллоо. Тиймээс Өрнөдийн ардчилсан орнуудад зөөлөн хүчийг илүү идэвхтэй ашиглахыг Т.Блэр уриалав. Хятадынх багасахын хэрээр хүн ам нь өсөх Африкийн шинэ үеийн удирдагчдын дэмжлэгийг Өрнөдийн орнууд авах ёстой гэж тэрбээр үзэж байна. Ойрхи Дорнод, Энэтхэг, Индонез нь Өрнөдийн орнуудын гадаад бодлогын тэргүүлэх чиглэл байх ёстой гэж Т.Блэр дүгнэв.