"CISM" буюу Армийн Дэлхийн аварга шалгаруулах 3х3 сагсан бөмбөгийн тэмцээн энэ сарын 3-9-ний өдрүүдэд ХБНГУ-ын Варендорф хотноо зохион байгуулагдсан билээ.
Анх удаа болж буйгаараа онцлог тус тэмцээнд 26 орны 30 гаруй баг тамирчид хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдсөн бөгөөд манай улсаас БХЯ-ны харьяа “Алдар” спорт хорооны “Алдар-Танан гарьд” багийн тамирчид эх орноо төлөөлөн амжилттай оролцоод энэ сарын 16-ний өдөр эх орондоо ирлээ.
Тэмцээний эрэгтэй төрөлд БНЛУ /Литва/, АНУ, БНФУ-ын баг тамирчид эхний гурван байрыг эзэлсэн бол манай улсын баг тамирчид 9 дүгээрт байрт шалгарчээ.
Харин эмэгтэй төрөлд I байрт ХБНГУ, II байрт БНФУ-ын баг тамирчид шалгарсан бол манай улсын баг тамирчид АНУ-ын багтай III байрын төлөөх тоглолтыг хийж 15:13-ын харьцаагаар ялалт байгуулан хүрэл медалийн эзэд болсон бахдам амжилт гаргажээ. Түүнчлэн 3 онооны шидэлтийн аварга шалгаруулах эмэгтэй төрөлд “Алдар-Танан гарьд” багийн тамирчин, спортын мастер Ө.Индра тэргүүлж, алтан медаль хүртсэн аж.
Ташрамд дурдахад дээрх амжилт нь CISM буюу Армийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс багийн төрлөөр медаль хүртэж буй анхны тохиолдол гэдгээрээ онцлог юм.