Иргэдийн аюулгүй зорчих, ая тухтай амьдрах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор явган хүний болон дугуйн замуудыг шинэчилж буй.
Энэ хүрээнд хүн амын нягтаршил, хөдөлгөөний ачаалал ихтэй Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооноос замын шинэчлэлийн ажил эхэлсэн.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар Их сургуулийн гудамжны явган зам болон дээрх 26-р хороонд ажиллалаа. Тус хорооны замын шинэчлэлийн ажлыг наймдугаар сарын 25-н гэхэд бүрэн дуусгахаар зорьж байгаагаа албаныхан хэлж байлаа.
Энэ үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар "Замын шинэчлэлийн ажилд аж ахуйн нэгжүүд идэвхтэй оролцож, газраа чөлөөлж байна. Нийтийн эрх ашгийг хангах хүрээнд зам талбайг өргөсгөх, чөлөөлөх ажлыг захирамж, хуулийн хүрээнд хийх болно. Аж ахуйн нэгжүүдэд, төрөөс явуулж буй ажлыг дэмжиж, олон нийтийн эрх ашгийг хамгаалахад хамтарч оролцохыг хүсмээр байна. Төрийн зүгээс дарамт, хүнд суртал үзүүлэхгүй. Бид бүх түвшинд аж ахуйн нэгжүүдийг дэмжиж байгаа. Улаанбаатар хотод стандарт тогтоох амаргүй сорилт бидний өмнө тулгарч байна. Дүүргийн удирдлагууд ногоон байгууламж нэмэгдүүлэхэд онцгой анхаарч ажиллаж буй. Явган хүн, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, ахмад настан, дугуйтай зорчигчид саадгүй зорчих боломжийг бүрдүүлэх хэрэгтэй. Нийслэлийн зүгээс хийж, хэрэгжүүлж байгаа ажлыг Улаанбаатар хотын иргэд дэмжиж, санаачилгатай ажиллаж байгаад удирдлагын хамт олон их урам авч байгаа. Иргэдээс ирж буй санал хүсэлтийг хүлээж авч, хурдтай ажиллахаа илэрхийлье. Нийслэлийн 1800-1200 нэгдсэн лавлах дугаарт хандвал бид цаг тухайд нь ирсэн мэдээллүүдийг боловсруулж холбогдох удирдлагуудад чиглэл өгч ажиллана. Улаанбаатар хотод иргэдийн оролцоо чухал" гэлээ.