Японы улс төрч, 90, 96 дахь ерөнхий сайд. Либерал Ардчилсан Намд харьяалагдах, Японы парламентын төлөөлөгчдийн танхимын гишүүн (7 удаа сонгогдсон), Либерал Ардчилсан Намын 21, 25 дахь дарга өнөөдөр (2022.07.08) Абэ Шинзо нас барлаа. Японы Ерөнхий сайд асан тэрбээр өнөөдөр 11.30 цагийн үед баруун нутгийн Нара мужид сонгуулийн кампанит ажилд зориулан үг хэлэх үеэрээ халдлагад өртөж, бууны шарх авсан юм. Түүнийг эмнэлэгт хүргэсэн ч шархаа даалгүй нас барав.
Дэлхийн орнуудын удирдагчид Абэгийн төлөө эмгэнэн гашуудаж байгаагаа мэдэгдсээр байна гэж Японы The Mainichi мэдээлэв. Түүнчлэн Японы эрх баригч Либераль-Ардчилсан нам (ЛАН) Ерөнхий сайд асан Абэ Шинзо нас барсантай холбогдуулан сонгуулийн кампанит ажлаа зогсоохыг бүх нэр дэвшигчээс хүссэн байна.
Абэ Шинзо 1954 оны 9 сарын 21-нд Ямагүчи аймгийн Нагато хотод төржээ. Сэйкэй их сургуулийн Хууль зүйн факультет, Улс төр судлалын тэнхимийг 1977 онд төгссөн. Улс төр судлалын магистр.
Их сургууль төгссөнийхөө дараа "Кообэ Сэймоо" компанид орсон бөгөөд дараа нь Гадаад хэргийн яамны төрийн нарийн бичгийн дарга байгаад, улс төрд орон парламентын гишүүнээр сонгогдсон. Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дэд дарга, Либерал ардчилсан намын ерөнхий нарийн бичгийн дарга, орлогч, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргын алба хашиж байгаад ерөнхий сайд болсон.
Ерөнхий сайд болоод жил орчим ажиллахдаа тэргүүлсэн танхимын нь гишүүд нь мөнгө төгрөгний асуудалтай хутгалдсан, хариуцлагагүй мэдэгдэл хийсэн зэргээсээ болж огцорч, сөрөг хүчний зүгээс сайд нарыг томилсон хүнийхээ хувьд хариуцлага хүлээх ёстой хэмээн шүүмжлүүлж байсан. Либерал Ардчилсан Нам удаан хугацаанд засгийн эрхийг барьснаас болоод Тэтгэвэрийн сангийн хөрөнгө буруу гараар орсон нь түүнийг засаг тэргүүлж байх үед илэрсэн нь нэрмээс болж, 2007 оны зун явагдсан парламентийн дээд танхимын сонгуульд ялагдал хүлээн, анх удаа цөөнх болов. Хэдийгээр доод танхимд Либерал Ардчилсан Нам үнэмлэхүй олонх хэдий ч иймэрхүү томоохон ялагдал хүлээсэн үед намын дарга хариуцлага хүлээж, албан тушаалаа өгдөг жишгийг тэр дагасангүй, ард түмэндээ амласан амлалтаа хэрэгжүүлнэ хэмээн мэдэгдэж байв.
Гэвч 2007 оны 9 сарын 12-нд ЛАН-ын дарга болон ерөнхий сайдын суудлаа тавьж өгөхөө мэдэгдсэн нь гэнэтийн явдал байлаа. Хэдхэн хоногийн өмнө парламентийн чуулганы нээлтэд оролцож, эрч хүчээр дүүрэн илтгэл тавьж байсан хүн гэнэт огцрохоо мэдэгдсэн явдлыг цагаа олоогүй, хариуцлагагүй явдал гэх үзэл Японы улс төрд олон сонсогдож байлаа. Гэхдээ тэрээр биеийн байдлын улмаас тэрхүү шийдвэрээ гаргасан нь хожим тодорхой болж, ажлаа хүлээлгэж өгмөгцөө биеэ эмчлүүлэхээр эмнэлэгт хэвтсэн байна.
Өвчнөө эмчлүүлж эдгээсэн Абэ 2012 оны 9 сард болсон ЛАН-ы даргын сонгуульд ялж, улмаар мөн оны 12 сард болсон ээлжит бус бүх нийтийн сонгуулиар тус нам ялснаар 12 сарын 26-нд дахин ерөнхий сайдын албан тушаалд очоод байна.
Төрөл саднуудын нь дунд алдартай улстөрчид олон бий. Эхийн талын өвөө нь ерөнхий сайд агсан Киши Шинсүкэ, эцгийн нь авга ах, ерөнхий сайд агсан Сато Эйсакү, эцэг нь Гадаад хэргийн сайд агсан Абэ Шинтаро, дүү нь парламентын төлөөлөгчдийн танхимын гишүүн Киши Нобүо зэрэг болно. Эхнэр Акиэ нь Моринага корпорацийн захирал асан Мацүзаки Акиогийн охин.
Японы хамгийн олон ерөнхий сайдыг төрүүлсэн нутаг болох Ямагүчи аймгийн уугуул түүний эцэг Абэ Шинтаро нь ерөнхий сайдын сэнтийд хамгийн ойрхон хүн гэж яригдаж байсан үедээ нас барсан бөгөөд эцгийнхээ хүрч амжаагүй өндөрлөгт хүү нь ийнхүү хүрсэн юм.