Ирэх хичээлийн жилээс ерөнхий боловсролын сургуулиудад ажиллах сэтгэлзүйчдийг сонгон шалгаруулах үйл ажиллагааг Боловсрол, шинжлэх ухааны яамнаас эхлүүлжээ. Сургуулиудад ажиллах хүсэлтэй сэтгэлзүйчдийг энэ сарын 18 хүртэл цахимаар бүртгэх бөгөөд үүний дараа БШУЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын тушаалаар байгуулсан ажлын хэсгийнхэн хоёр үе шаттай сонгон шалгаруулалт явуулах нь. Тухайлбал, эхний шатанд хүсэлтээ ирүүлсэн сэтгэлзүйчдийн ирүүлсэн материалтай танилцана. Сүүлийн шатанд сэтгэлзүйчдийг ярилцлагад хамруулахаар болжээ. Сэтгэл судлалын чиглэлээр бакалаврын зэрэгтэй иргэд үүнд оролцох боломжтой юм байна. Улсын хэмжээний 161 сургууль ирэх хичээлийн жилд сэтгэлзүйч ажиллуулах хүсэлтээ тус яаманд ирүүлсний дагуу энэ тооны мэргэжилтнийг сонгон шалгаруулах аж. Тэдгээр сургуулийн 38 нь нийслэлийнх, 123 нь орон нутгийнх гэнэ. Сонгогдсон сэтгэлзүйчдийг мэргэшүүлэх сургалтад хамруулсны дараа ажлын байранд нь гаргахаар төлөвлөжээ.
Бэлтгэсэн М.Оч