Баяр наадмын үеэр замын хөдөлгөөнийг хэрхэн зохион байгуулах, болзошгүй эрсдэлээс сэргийлэх талаар Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны Хэвлэл, мэдээлэл, сурталчилгааны салбар хорооноос, амралт зугаалгын өдрүүдэд эрүүл мэнддээ анхаарах тухай НЭМҮТ-өөс өчигдөр тус тус мэдээлэл хийлээ. ЦЕГ-ын Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах газрын хэлтсийн дарга, хурандаа Т.Лхагвадорж “Долдугаар сарын 9-14-нд хүртэл цагдаагийн байгууллага өндөржүүлсэн бэлэн байдлын нэгдүгээр зэрэгт шилжиж, 3600 орчим алба хаагч үүрэг гүйцэтгэнэ. Хэв журам хамгаалах, зохицуулах зорилгоор явган, хөдөлгөөнт болон машинт, морьт, завьт эргүүлүүд гол, мөрний сав дагуу, амралтын газруудад ажиллах юм” гэв.
ЦЭНГЭЛДЭХ ХҮРЭЭЛЭН ОРЧМЫН ОРШИН СУУГЧИД СӨХ-НООСОО ЗӨВШӨӨРӨЛ АВЧ, ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНД ОРОЛЦОХ НЬ
Баяр наадмын өдрүүдэд замын хөдөлгөөнийг хэрхэн зохицуулах талаар ТЦА-ны Замын цагдаагийн газрын дэд дарга, хурандаа Б.Батболд “Төв цэнгэлдэх хүрээлэнд автомашины зогсоолын асуудал хүндрэлтэй байна. Гурван жилийн өмнө баяр наадам зохион байгуулахад автомашины зогсоол 3500 орчим байсан. Харин энэ жил 1300 орчим болсон. Тэнд зөвшөөрөлтэй машинуудыг байршуулна. Мөн Махатма Гандигийн гудамж, Нийслэлийн өргөн чөлөөний хоёр уулзварын тодорхой хэсгүүдэд зам хааж, иргэдийг явганаар хөдөлгөөнд оролцох боломж бүрдүүлнэ. “Дүнжингарав”, “Мишээл экспо”, Төмөр замын төв буудлын баруун талд байрлах 1000 автомашины зогсоолд иргэд машинаа байршуулж, нийтийн тээврийн хэрэгслээр Төв цэнгэлдэх хүрээлэн рүү үнэгүй зорчих боломжтой. Соёолон насны морьдын уралдааны үед буюу долдугаар сарын 12-нд нийслэлээс Хүй долоон худаг явах хөдөлгөөний ачаалал эрс нэмэгддэг. Иймд Архангай аймаг руу зам салдаг уулзвараас Хүй долоон худаг хүртэлх замыг нэг чигийн хөдөлгөөнд оруулна” гэлээ.
Төв цэнгэлдэх хүрээлэн орчмын орон сууцуудад амьдардаг оршин суугчид СӨХ-ноос зөвшөөрөл авна. Зөвшөөрөлтэй хамт, иргэний үнэмлэх, орон сууцын түрээсийн бичиг, гэрчилгээний аль нэгийг авч замын хөдөлгөөнд оролцох ёстойг ТЦА-ны Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, дэд хурандаа Б.Очирбат анхаарууллаа. Мөн тэрбээр “Эхний хагас жилд зам, тээврийн ослын улмаас 240 орчим хүний амь нас эрсдэж, 1300 орчим иргэн гэмтэж, бэртсэн гэх харамсалтай тоон мэдээ бий. Иймд бид “Аажуу явбал аяндаа хүрнэ дээ” аян хэрэгжүүлж байгаа. Замын хөдөлгөөнд оролцож буй жолооч нар дүрмээ баримталж, өөрийн болон бусдын аюулгүй байдлыг хангаж хөдөлгөөнд оролцох шаардлагатай. Хурдаа тохируулах, хамгаалах бүсээ зүүх, архи, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байхыг анхааруулъя” хэмээлээ. Наадмын өдрүүдэд Хүй долоон худаг-Төв цэнгэлдэх маршрутаар нийтийн тээврийн автобус иргэдэд үйлчлэх аж. Мөн 300 орчим такси зөвшөөрөл хамаарахгүйгээр явах ба тэдгээр нь өөрсдийн тэмдэгтэй, зориулалтын үйлчилгээнийх байх шаардлагатай гэнэ.
ХҮҮХДҮҮДЭД ЭЦЭГ, ЭХИЙН УТАСНЫ ДУГААРТАЙ ЦААСАН БУГУЙВЧ ЗҮҮЛГЭНЭ
Баяр наадмын амралтын үеэр эцэг, эхчүүд хүүхдэдээ тавих хараа хяналтаа сайжруулах шаардлагатайг Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, хошууч Г.Золжаргал онцолж, “Тухайн өдрүүдэд иргэд гол, мөрөн дагуу зугаалах үедээ хүүхдэдээ тавих хараа хяналтаа сулруулдаг. Ялангуяа Төв цэнгэлдэх хүрээлэнд иргэдийн нягтаршил их байдгаас хүүхдүүд төөрөх эрсдэлтэй. Иймд эцэг, эхийн утасны дугаарыг бичсэн цаасан бугуйвч зүүлгэнэ. Ингэснээр хүүхэд төөрсөн тохиолдолд яаралтай холбогдох боломжтой болох юм. Мөн Хүй долоон худагт бага насны хүүхэд хурдан морь, машинд дайруулах тохиолдол гардаг. Иймд иргэд хүүхдэдээ тавих хараа хяналтаа сайжруулах шаардлагатай” гэсэн юм.
“ХАЛУУН ХООЛНЫ АРААС ХҮЙТЭН АЙРАГ, ХИЙЖҮҮЛСЭН УНДАА УУХ НЬ БУРУУ”
Өмнөх жилүүдийн баяр наадмын үеэр хоолны хордлогод орсон тохиолдол цөөнгүй гарчээ. Тиймээс НЭМҮТ-ийн эрдэм шинжилгээний ажилтан Б.Лхагважав “Зуны улиралд ходоодонд удаан боловсордог хүнснээс татгалзаж, сүү, сүүн бүтээгдэхүүнийг түлхүү хэрэглэх нь зүйтэй. Махан бүтээгдэхүүн нь төрлөөсөө шалтгаалж ходоодонд 4-6 цаг боловсордог. Энэ хугацааг аль болох бага байлгах хэрэгтэй. Баяр наадмын өдрүүдэд бид халуун хуушуур идчихээд араас нь айраг уучихдаг. Энэ нь хоорондоо зохилдохгүйгээр биеийг хямраадаг. Мөн хүмүүсийн дунд махан бүтээгдэхүүн хэрэглэсний дараа хийжүүлсэн ундаа уух нь хоолыг шингээдэг гэсэн нийтлэг буруу ойлголт байдаг. Ходоодонд хоол хүнсийг дулааны аргаар боловсруулдаг. Гэтэл халуун хоолны араас хүйтэн ундаа уух нь ходоодонд хоол хүнс боловсрохгүй удах шалтгаан болдог” гэлээ. НЭМҮТ-ийн хоол судлалын албаны эрдэм шинжилгээний ажилтан Б.Мөнхтунгалаг “Баяр наадмын өдрүүдэд хоолны хордлогоос сэргийлэхийн тулд хүнсээ цэвэр байлгах, зохих температурт хадгалах шаардлагатай” хэмээв.
Бэлтгэсэн Ц.Дүүрэнжаргал