Бүс нутгийн улс орнуудтай харилцахдаа хүлээцтэй байж, геостратегийн тэнцвэрт байдлыг хадгалахыг Австралийн Гадаад хэргийн сайд Пенни Вонг Хятадын эрх баригчдад уриалав. Тэрбээр Сингапур дахь Олон улсын стратегийн судалгааны хүрээлэнд үг хэлэхдээ “Хятад улс агуу их гүрнүүдийн нэг бөгөөд НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн байнгын гишүүний хувьд эрх мэдлээ хууль ёсны дагуу ашиглаж, Энэтхэгийн болон Номхон далайн бүс нутгийн улс орнуудын сонголт хийх, үйл ажиллагаа явуулах эрх чөлөөг хүндэтгэх хэрэгтэй” гэжээ. Түүнчлэн Австрали улс “AUKUS холбоотнууд (Австрали, Британи, АНУ-ын цэргийн гурван талт эвсэл)-ын тусламжтайгаар батлан хамгаалах чадавхаа бэхжүүлнэ” гэж Пенни Вонг онцлон тэмдэглэв. “Энэтхэгийн болон Номхон далайн хэд хэдэн улс аль хэдийн цөмийн шумбагч онгоцтой болсон бөгөөд тэдгээрийг хэдэн арван жилийн турш ашиглаж, зарим нь тийм онгоцондоо цөмийн зэвсэг суурилуулсан тул Австрали улс цөмийн шумбагч онгоцны флоттой болох нь тус бүс нутгийн хувьд шинэ асуудал биш юм” гэж тэрбээр хэлэв. Ази, Номхон далайн бүс нутагт AUKUS зэрэг түншлэл бий болсон нь зөвхөн аюулгүй, тогтвортой байдлыг бэхжүүлэхэд шаардлагатай аж. Австрали, Британи, АНУ өнгөрсөн оны есдүгээр сард AUKUS эвсэл байгуулснаа зарласан. Дараа нь гарын үсэг зурсан гурван талт хэлэлцээрийн хүрээнд Австрали улс Америк, Британийн технологиор дор хаяж цөмийн шумбагч найман онгоц үйлдвэрлэхээр төлөвлөсөн бөгөөд эхнийх нь 2036 онд тус улсын Тэнгисийн цэргийн хүчний эгнээнд шилжинэ.
Бэлтгэсэн З.Гал