Монголд социализмын үед сайн дурын үйлсийг албан дайчилгааны хэлбэрээр хийдэг байжээ. Нийгэм, эдийн засгийн шилжилтийн явцад уг дайчилгаа алга болж, улмаар сайн дураараа бусдад туслах нь бүр ховордсон байна. Харин сүүлийн жилүүдэд сайн дурын ажил эрчимтэй сэргэж эхэлжээ. Сайн дурын ажилд оролцох, тэр хэрээр туршлага хуримтлуулах үйл ажиллагааг иргэд, ялангуяа залуус цөөнгүй зохион байгуулдаг болсон. Гэхдээ сайн дурын ажлыг сайн үйлсийн аянтай эндүүрч болохгүй. Зарим нь сайн дурын ажил гэхээр хөгжлийн бэрхшээлтэй хүнд туслах, амьжиргааны түвшин доогуур хүмүүст гараа сунгах зэргээр хайрцаглагддаг. Тэгвэл олон улсад амьтдыг асрах, аливаа үйл ажиллагаа, тэмцээн зохион байгуулах багт ажиллах, залуус сонирхож буй мэргэжлийнхээ салбараас туршлага хуримтлуулах, байгалийн гамшиг, халдварт өвчин, гал түймэр зэрэг ослын газарт очиж, бусдад туслах гэх мэтээр сайн дурын ажлын хүрээ өргөжин тэлсээр байгаа аж.
АНУ-ын 63 сая иргэн буюу насанд хүрсэн хүн амынх нь 25 хувь нь өөрчлөлтийг бий болгохын тулд цаг зав, авьяас чадвар, эрч хүчээ сайн дураараа “хандивладаг” байна. Мөн мэдээлэл, харилцаа холбооны технологи хөгжсөн орчин үед сайн дурын ажилд оролцох боломж улам бүр өргөжжээ. Жишээ нь, 2001 онд ашиглалтад оруулсан “Википедиа” онлайн нэвтэрхий тольд 2005 онд орон тооны ганцхан ажилтан байжээ. Харин өдгөө тус нэвтэрхий толь нь цахимаар ажилласан сайн дурынхны тусламжтайгаар дэлхийн шилдэг 50 вэб сайтад багтаж, “Нью-Йорк таймс”-ын өмнө жагссан билээ.
Английн Ерөнхий сайд асан Уинстон Черчилл “Бид ажил эрхэлж байж л амьдралаа болгодог. Харин бусдад гараа сунгаснаар амьдралаа утга учиртай болгодог” гэжээ. Хүмүүс нэг нэгэндээ өгөөмөр сэтгэлээр тусалж, эх орон, цаашлаад эх дэлхийдээ тулгарч буй олон асуудлыг шийдвэрлэхэд сайн дураараа оролцох боломжтой. Улсын хөгжлийн явцад тулгарах олон асуудлыг төр, төрийн бус, эсвэл олон улсын байгууллага шийднэ гэж хүлээлгүйгээр бид өөрсдөө ч гар бие оролцох учиртай. Сайн дураараа хүнд туслахыг хэн ч шахаж, албаддаггүй, цалин хөлс амладаггүй. Хувь хүн зөвхөн хүсэл эрмэлзлээрээ, чин сэтгэлээсээ ажилладаг. Тухайн орны иргэд сайн дурын ажилд хэрхэн оролцож буйгаар нь тэр улсын соёлын түвшнийг харж болдог гэсэн хэмжүүр ч байдаг юм билээ. Ер нь боловсролын түвшин доогуур, ядуурал ихтэй улсад амьдарч буй иргэд сайн дурын ажилд идэвх муутай байдаг гэнэ. Нөгөө талаар сайн дурынхны хандивлаж буй хөдөлмөр, цаг, мэдлэг, чадвар, нь эдийн засагт ч асар их хувь нэмэр оруулдаг тухай АНУ-ын жишээнээс харж болно.
Манай улсад Америкт сургууль төгсөгчдийн холбоо (MASA)-ноос сайн дурын “Бид чадна” төсөл санаачлан хэрэгжүүлж буй. Үүний хүрээнд хөгжлийн бэрхшээлтэй иргэд эрх тэгш ажиллаж, амьдрах боломжтой орчин бүрдүүлэх, ажлын байрыг нэмэгдүүлэх, нийгмийн хариуцлагатай ажил олгогчдыг дэмжиж сурталчлах, эерэг хандлага түгээх зэрэг олон арга хэмжээ зохион байгуулдаг. Уг холбооныхон “Зөв сонголт-Гэрэлт ирээдүй” нэртэй сайн дурын хөдөлгөөн өрнүүлж, ахлах ангийн хүүхдүүдэд мэргэжлээ оновчтой сонгох талаар дүрс бичлэгтэй хичээл боловсруулж, нийгмийн ажилтнуудыг хэрхэн бэлдэх тухай цуврал лекц зохион байгуулдаг аж. Түүнчлэн Санхүү эдийн засгийн их сургууль бакалаврын түвшний оюутнууддаа сайн дурын ажилд заавал оролцох шаардлага тавьдаг гэнэ. Тус сургуульд сурдаг нэгэн оюутан “Оюутнууд ихэвчлэн “Азтай савар”, “Гүүд нэйборс” зэрэг байгууллагад сайн дурын ажил хийдэг” хэмээв. Мөн Монголын бусад томоохон их, дээд сургууль ч сайн дурын үйл ажиллагаа явуулдаг клубүүдтэй юм билээ. Түүнчлэн манайд түгээмэл байгаа нэг үзэгдэл нь гадаадын аль нэг их, дээд сургуульд элсэх, тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах зорилгоор сайн дурын ажил хийх нь олширсон байна.
Сайн дурын ажил нь зөвхөн өгөхийн нэр биш. Үүнийг хийх нь ямар ач холбогдолтой талаар иргэдээс лавласан юм. Тухайлбал, БНСУ-д зохион байгуулсан олон улсын кино наадам, өвлийн олимп зэрэг гадаад, дотоодын 30 гаруй үйл ажиллагаанд сайн дураар ажилласан О.Ариунзаяатай холбогдлоо. ХБНГУ-д ирэх наймдугаар сард болох “European cham¬pionships Munich-2022” спортын наадамд ажиллахаар бэлтгэлээ хангаж буй тэрбээр “Сайн дурын ажил хийснээр өөрийгөө илүү таньж мэдэн, ур чадвараа улам өнгөлж, шинэ зүйлд суралцаж, нээлттэй болдог. Мөн төрөл бүрийн ажлын туршлага хуримтлуулан, аливааг харах өнцгөө тэлдэг. Олон төрлийн ажил хийсэн минь БНСУ-ын Засгийн газрын тэтгэлгээр сурахад хүртэл маш том дэмжлэг болсон” гэсэн юм.
О.Ариунзаяагийн хувьд ихэвчлэн гадаадад сайн дурын ажилд оролцож байсан юм билээ. Тэгвэл манай улсад сайн дурын ажилд оролцох ямар боломжууд байдаг вэ. Энэ талаар залуусаас тодруулахад төрөл бүрийн клуб, нийгэмлэгт элсэх замаар сайн дурын ажил хийдгээ хэлсэн. Жишээ нь, их сургуулиудын харьяа клубээс эхлээд нийгэмд тустай төслүүд хэрэгжүүлж, гишүүд нь сайн дураар ажилладаг JCI, Монголын улаан загалмай нийгэмлэг, “Зориг” сан, “Хөөрхөн зүрх” төрийн бус байгууллага зэрэг клуб, нийгэмлэг бий аж. Мөн сайн дурын ажлыг сурталчлах, сайн дурынхныг байгууллагуудтай холбох гүүр болдог “iVolunteer” санаачилгыг дурдаж болно. Монгол Улсын хүн амын гуравны нэг буюу сая орчим нь 15-34 насныхан байдаг. Залуус өөрсдийн хүссэн зүйлдээ цаг зав, авьяас чадвараа хандивлаж эхлэхэд нь чиглүүлж өгөх байгууллага энэ мэтээр цөөнгүй байгааг онцолъё.
Эцэст нь өгүүлэхэд, сайн дурын үйл ажиллагаа буюу volunteerism гэдэг нь velle хүсэх гэсэн латин үгнээс гаралтай аж. Сайн дураар гэдэг үгийг 1755 онд Европын орнууд өөрийн хүсэлтээр армид элсэж, дайнд оролцогсдыг бүртгэхэд анх хэрэглэжээ. Улмаар байлдаж буй цэргүүдэд туслах, хувцас оёж, хоол хийх, шархадсан цэргүүдийг эмчлэх, асарч сувилахад сайн дураараа ажиллаж байсан эмэгтэйчүүдийг ийнхүү нэрлэх болсон гэнэ. Харин XX зуунаас сайн дурын ажил өнөөгийн бидний мэдэх дүрээ олсон юм билээ. Дэлхийн өндөр хөгжилтэй орнуудад сайн дурын ажил хийх нь хэдийн жишиг болон тогтжээ. Тиймээс манайд улам хөгжүүлж, илүү олон чиглэлээр сайн дурын ажил зохион байгуулан, тэр хэрээр иргэдээ, ялангуяа ирээдүй бүтээх залуусаа идэвхжүүлэх шаардлагатай байна.
Бэлтгэсэн М.Мөнхжаргал