Мадридад болсон НАТО-гийн дээд хэмжээний уулзалтад оролцсон улсуудын төр, засгийн тэргүүн нар
НАТО Мадридад хуралдаад, Швед, Финландыг элсэхийг урьж, Украинд цэргийн ихээхэн тусламж үзүүлэхээр амлан, хажуугаар нь Путиний нэрийг олонтоо дурдлаа. Украинд Орос дайн өдөөснөөс үүдэн зургадугаар сарын эцсээр болсон эвслийн дээд хэмжээний уулзалтын ач холбогдол ихсэв. Хэтрүүлэлгүй хэлэхэд энэ уулзалтыг “түүхэн” хэмээн нэрлэж болно.
Хуралдааны товыг зургадугаар сарын 29-30 гэж тогтоосон дээд хэмжээний уулзалт нэг өдрийн өмнө эхлэв. Орой нь Испанийн ван VI Филипп өргөөндөө зоог барих гээд Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нар Мадрид хотын төвийг зорьж байхад уулзалт болсон үзэсгэлэнгийн төвд улс төрийн халуун яриа өрнөж байлаа. Финландын Ерөнхийлөгч Саули Ниинисте, Шведийн Ерөнхий сайд Магдалена Андерссон нар НАТО-д элсэхэд нь саад хийхгүй байхыг Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоанаас хүсэв. Үүнд тэдэнд эвслийн ерөнхий нарын бичгийн дарга Йенс Столтенберг тусалж байлаа. Тэд тохиролцоонд хүрч чадсан нь ихээхэн санамсаргүй явдал боллоо. Эрдоан яах гээд байгааг хэн ч ойлгохгүй, Анкара алан хядагч гэж үзээд байгаа курдүүдийг Өрнөдөд өгч, Скандинавын хоёр улсын алан хядах ажиллагаатай тэмцэх хуулийг өөрчлөх гээд байна уу. Эсвэл Америкийн сөнөөгч F-16-г авах гээд байна уу.
Гарын үсэг зурсан санамж бичигт эхний асуудлын талаар нэг бус удаа дурдсан хэрнээ сөнөөгч онгоцны талаар дурссангүй. F-16-гийн талаар АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байденаас асуухад нууц наймаа хийхийг үгүйсгээд, Конгрессийн зөвшөөрөлгүйгээр сөнөөгч онгоц худалдахгүй гэж хэлсэн байна.
НАТО-г тэлэхээр шийдсэн нь дээд хэмжээний уулзалтын ганц гайхалтай юм биш байв. Мадридад удирдагчид гар хоосон ирсэнгүй. Зургадугаар сарын 28-ны орой Герман, Нидерландын Батлан хамгаалахын сайд нар Украины зэвсэгт хүчинд их бууны өөрөө явагч төхөөрөмж “Panzerhaubitze 2000”-ыг зургааг нэмж өгөхөөр шийдсэнээ зарлажээ. Британитай хамтран олон сумаар шүрших тийрэлтэт систем Украинд өгнө гэж маргааш нь Норвег мэдэгдэв. Бас зургаан их бууны өөрөө явагч төхөөрөмж Украинд өгөхөө Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон зарлалаа. Жо Байден 800 сая ам.долларын зэвсгийн шинэ багц амлалаа. Хамгийн их багцыг Британийн Ерөнхий сайд Борис Жонсон авчирчээ. Тэрбээр агаараас эсэргүүцэн хамгаалах зэвсэг, нисгэгчгүй онгоц, радио цахилгаан систем амлав. НАТО өөрөө ч зүгээр байсангүй. Украинд олон зуун сая еврогийн тусламж үзүүлэх шийдвэр гаргалаа.
Украины Ерөнхийлөгч Владимир Зеленскийг дээд хэмжээний энэ уулзалтад урьсан юм. Гэтэл тэрбээр дайн дуустал эх орноо орхиж хилийн дээс алхахгүй гэж амласан аж. Түүнийг эзгүй байгааг Орос далимдуулах вий гэсэн болгоомжлолоос ч үүдэлтэй байж мэднэ. Зургадугаар сарын 29-ний үдээс хойших цагийг түншүүдтэйгээ уулзахад зориулав. Зеленский уулзалтад цахимаар оролцож, байлдааны талбарт дайныг ялалтаар дуусгахад нь Украинд туслахыг уриаллаа. Үүнд дуулгавартай хандацгаав. Жо Байден “Энэ дайн хэрхэн дуусахыг би мэдэхгүй. Тэгэхдээ Оросын ялалтаар дуусахгүй” гэж хэлэв. Германы Канцлер Олаф Шольц Украин улс шаардагдах дэмжлэгийг авах болно гэв. Харин “Оросын довтолгоог зогсооход хүрэлцэх зэвсгийг украинчуудад Өрнөд олгоно гэж амлах уу” гэсэн сэтгүүлчийн асуултад тэрбээр хариулсангүй. Албан тушаалын хувьд НАТО-гийн 30 гишүүний санааг илэрхийлсэн үгийг Йенс Столтенберг хэлсэн байна. “Бусад ихэнх дайны адилаар энэ дайн тодорхой шатанд очоод хэлэлцээрийн ширээний ард дуусна. Тэгэхдээ өөрийн хувьд хүлээж авахуйц тохиролцоонд Украин хүрэх нь чухал” гэж тэр хэлжээ.
Мадридад болсон дээд хэмжээний уулзалт өөр түүхэн хэд хэдэн шийдвэр гаргалаа. Оросыг тус эвслийн аюулгүй байдалд заналхийлсэн томоохон аюул хэмээн НАТО хүлээн зөвшөөрөв. Украин руу Орос довтолсны хариуд батлан хамгаалах хүчин чадлаа нэмэгдүүлэхээр боллоо. Үүний тулд тухайлбал, Литвад Герман нэг бригад зориулах нь. Тэр нь Германдаа байрлаж, бэлтгэл сургуулилалтаа Литвад хийж байх гэнэ. Түүний хэрэглэх зэвсгийн зарим хэсэг ч Литвад байх нь. Түргэн байрлах хүчээ нэмэгдүүлж, 40 мянган хүнийг нь 300 мянга болгохоор шийдвэрлэлээ. Ийм хүчийг 30 хоног үүрэг гүйцэтгэхэд бэлэн байлгах аж.
Хоёр дахь өдрийн үдэш соёлын арга хэмжээ зохион байгуулахаар испаничууд төлөвлөжээ. Тэгээд Ерөнхий сайд Педро Санчес нь өндөр дээд зочдыг хүлээн авав. Энд Киевийн симфони найрал хөгжим тоглолоо. Уулзалтын сүүлчийн өдрийг Ойрхи Дорнод, Африкийн талаар ярилцахад зориулав. Эцэст нь, сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Украины эсрэг Оросын өдөөсөн дайны тухай сэдэв энд байнга хөндөгдөж байсан гэж хэлж болно. Ерөнхийлөгч Путинд хандаж хатуу үг хэлэхээс НАТО-гийн гишүүн орнуудын удирдагчид ер цааргалсангүй. “Тэр (Путин) НАТО-г финландчилахыг хүссэн ч Финландыг “НАТО”-чилчихлаа” гэж Жо Байден хэлсэн нь тэр дороо онож хэлсэн мэргэн үг болж орхисон.
Вашингтон, Брюссель хоёр Москвад улс төрийн дарамт шахалт үзүүлсээр байна. Хүйтэн дайны эрин үеийн уур амьсгалтай шийдвэр НАТО-гийн орнуудын дээд хэмжээний уулзалтаас хэд хэдийг гаргалаа. Хоригоор Оросыг сөхрүүлж чадсангүй, рублийн ханш чангарч, эрчим хүчний эх үүсвэрийн үнэ өслөө. Луганскийн БНУ-ын нутаг дэвсгэр үндсэндээ чөлөөлөгдөв. Өрнөдийн зэвсэг, ялангуяа их буу нь Украины зэвсэгт хүчинд давамгай байдал бий болгохгүй байна. Байдлаас үзвэл Өрнөд цэргийн хүчээр түрээ барихаар шийдэв бололтой. АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден ихээхэн санаачилгатай хандаж, Европ дахь цэргийн бүлэглэлүүдийнхээ хүчийг нэмнэ хэмээн зарлав. Британи руу Цагаан байшин сөнөөгч F-35 онгоцны хоёр эскадриль нэмж илгээх аж. Испанийн Рота дахь тэнгисийн цэргийн баазад байгаа мина зөөгч онгоцны тоо дөрөв байсныг зургаа болгох нь. Герман, Италид агаараас эсэргүүцэн хамгаалах систем байрлуулах нь.
Балти орчмын орнуудад байгаа цэргийнхээ тоог нэмэгдүүлэхээ Байден амлалаа. Румынд цэрэг, зэвсэг өгөх нь. Америкийн армийн тавдугаар корпусын байнгын штабыг Польшид байрлуулах гэнэ. Польшууд үүнд талархалтай хандаж байна. “НАТО-гийн зүүн жигүүр, цаашлаад нийт Европын аюулгүй байдалд шийдвэрлэх ач холбогдолтой” гэж Польшийн армийн бригадын генерал Ярослав Крашевский сэтгүүлчдэд мэдэгдлээ. Энэ бүхэн хэний эсрэг чиглэж байгааг эвслийнхэн нуугаагүй байгаа. “Үнэн хэрэгтээ Оросын эсрэг зогсохоор бүр 2014 онд шийдвэрлэснээ, дорнод нутагт цэргийн хүчээ нэмэгдүүлж, их хөрөнгө зарж, байлдааны бэлэн байдлаа дээшлүүлснээ Умард Атлантын эвслийн ерөнхий нарийн бичгийн дарга Йенс Столтенберг хүлээв. Гэхдээ Москватай шөргөөцөлдөх далим хайхгүй, Украиныг дэмжсээр байх болно гэдгээ НАТО батлан хэлж байна.
Дээд хэмжээний уулзалтаар Швед, Финланд улсыг НАТО-д элсэхийг албан ёсоор урилаа. Түүнийг одоо эвслийн 30 улсын парламент батламжлах ёстой. Уулзалтаас баталсан тунхаглалд “Эдгээр улс НАТО-д элссэнээр аюулгүй байдлаа бэхжүүлнэ” гэж өгүүлжээ. Швед, Финланд улс олон жил төвийг сахиж, аливаа эвслээс ангид явж ирсэн. Харин Украинд Орос цэргийн тусгай ажиллагаа эхлүүлснээс хойш НАТО-д элсэх талаар ярьж эхэлсэн юм. Эднийг НАТО-гийн гишүүн болохоор Скандинавын хойг төдийгүй Балтийн тэнгисийн эрэг бүхэлдээ Брюсселлийн хяналтад орох нь. Оросын Мурманск гэдэг усан буудлын хот эвслийн хилээс 100 километрийн зайтай болно.
Сая Мадридад баталсан 2030 он хүртэлх стратегийн үзэл, баримтлалд Оросын аюул заналаас гадна Хятад улсын нэр дурдагдав. Хятад олон улсад үзүүлэх нөлөөгөө нэмэгдүүлэхийн тулд улс төр, эдийн засаг, цэргийн арга хэрэгсэл өргөн ашиглаж байна. Орос, Хятадын харилцаа сүүлийн үед сүрхий зузаарч, ойртох болсон гэж Өрнөд үзэж, тэдний хэлхээ холбоонд саад хийхийн тулд НАТО-г ашиглахыг хичээж байгаа юм.
Бэлтгэсэн Р.Жаргалант