Нийслэлд насанд хүрээгүй гэрч, хохирогчоос мэдүүлэг авах жишиг өрөө байгуулжээ. Улаанбаатарт өнгөрсөн онд 800 гаруй хүүхэд гэмт хэргийн гэрч, хохирогч болжээ. Тэд цагдаагийн байгууллагад удаа дараа очиж, мэдүүлэг өгөх шаардлагатай болдог. Энэ нь хүүхдийн сэтгэл зүйд хүнд тусдаг учраас мэдүүлэг авах тусгай өрөө шаардлагатай байдаг аж. Тиймээс Сонгинохайрхан дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтсийн дэргэд уг жишиг өрөөг байгуулжээ. Ингэснээр хүүхэд цагдаагийн байгууллагад очиж мэдүүлэг өгөхгүй, уг өрөөнд ирэх бөгөөд байцаалт авах цагдаа нар ч энгийн хувцастай байх нь. Нийслэлийн ИТХ-ын дэргэдэх Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөл болон “Номт ротари” клубийнхний дэмжлэгээр байгуулсан жишиг өрөө нь номын болон тоглоомын булантай. Мөн хүүхдээс мэдүүлэг авах үед асран хамгаалагч нь, бас сэтгэлзүйч хамт байх боломж бүрдүүлжээ. Шүүх болон хууль хяналтын бусад байгууллагын дэргэд мэдүүлэг авах өрөө байдаг ч хүүхдэд зориулан тохижуулсан нь тун цөөн гэнэ. Түүнчлэн ийм өрөө нь хууль хяналтын байгууллагын дэргэд бус, хүүхдийн байгууллагын харьяанд байх нь зүйтэйг нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч Н.Баярчимэг хэллээ.
Бэлтгэсэн М.Оч