Монголбанк инфляцыг 2022-2024 онд жилийн 6-8 хувьд тогтворжуулах зорилт тавин ажилласан. Гэтэл хэрэглээний үнийн индекс өнгөрсөн жилээс огцом өссөөр 2022 оны нэгдүгээр улиралд улсын хэмжээнд 14.4, Улаанбаатарт 16 хувьд хүрч, өмнөх улирлынхаасаа дунджаар 3.9 хувиар нэмэгдсэн. Үүнд импортын бараа, бүтээгдэхүүний үнийн өсөлт голлон нөлөөлснийг Монголбанкнаас өчигдөр мэдээллээ. Цаашид гадаад инфляц өсөн, импортын бүтээгдэхүүн болон үйлдвэрлэлийн орцын үнийг нэмэх, ялангуяа хүнс, газрын тосны ханш улам “чангарах” төлөвтэй гэнэ. Тиймээс ойрын саруудад инфляц төдийлөн буурахгүй аж. Улмаар Төвбанкнаас энэ оны дөрөвдүгээр улиралд инфляц улсын хэмжээнд дунджаар 11 хувьтай байх таамгийг өсгөн, 14 орчимд хүргэсэн байна. Харин ирэх оны нэгдүгээр улирлаас инфляц буурч, жилийн хугацаанд зорилтот найман хувьд хүрнэ гэж төсөөлжээ.
Бэлтгэсэн С.Цэрэндулам