Боловсрол, шинжлэх ухааны яам, БНСУ-ын Олон улсын хамтын ажиллагааны агентлаг буюу КОЙКА хамтран боловсролын салбарт энэ онд хэрэгжүүлэх төслүүдийн хэлэлцээрт өчигдөр гарын үсэг зурлаа. Хэлэлцээрийн хүрээнд КОЙКА манай улсад хэрэгжүүлэх таван төсөлд дэмжлэг үзүүлэх нь. Тухайлбал, ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний орчныг сайжруулах, ШУТИС-д Хот төлөвлөлт, инженерийн тэнхим байгуулах, ХААИС-ийн хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэх гэсэн гурван шинэ төслийг хэрэгжүүлэх юм байна. Мөн Монгол Улсын техникийн болон мэргэжлийн боловсрол, сургалтын тогтолцоог бэхжүүлэх, Монгол, Солонгосын политехник коллежийн хүчин чадлыг сайжруулах гэсэн хоёр төслийг үргэлжлүүлэн хэрэгжүүлэхээр болжээ. Эдгээр нь хот байгуулалт, хөдөө аж ахуйн салбарт чадварлаг хүний нөөц бүрдүүлэх, дээд боловсролын бодлого, тогтолцоог сайжруулах, сургалтын хөтөлбөрийг боловсронгуй болгож, технологийн болон гарааны бизнесүүдийг дэмжихэд чиглэсэн цогц төсөл гэдгийг БШУЯ-наас мэдээлэв. Түүнчлэн ерөнхий боловсролын 10 сургуулийн хоол үйлдвэрлэлийн орчныг сайжруулж, мэргэжлийн хүний нөөцийг бэлтгэн, хүүхэд, залуусын эрүүл мэндийг дэмжих зорилго тавьсан байна. КОЙКА-гаас 60 гаруй тэрбум төгрөгийн буцалтгүй тусламж үзүүлснээр уг төслүүдийг хэрэгжүүлэх боломж бүрдэж байгаа аж.