Баянзүрх дүүргийн 15 дугаар хорооны нутаг, XIII хороолол буюу Зүүн дөрвөн замын автобусны буудлын урд байрлах шатсан “East” төвийн сууринд өмнө нь Манжийн төрийн үеийн “Бат цагаан” нэртэй шорон байсан гэдэг. Тус шоронд гамингууд Монголын эх оронч баатар Манлай баатар Ж.Дамдинсүрэнг хорьж байв. Тэрбээр “Би гамингуудын нүдэн дээр хэвтээгээрээ үхэхгүй” хэмээгээд босоогоороо нас нөгчсөн түүхтэй. Мөн анхны долоогийн нэг Д.Бодоо, С.Данзан тэргүүтэй хүмүүсийг энд хорьж, эрүүдэн шүүсний эцэст Шар хаданд аваачин бууджээ. Түүнчлэн 1930-аад онд Д.Нацагдорж, Б.Ренчин, С.Буяннэмэх, Д.Намдаг нарыг тус шоронд хорьж байж. Харин 1992 оноос тус барилгыг худалдааны төвийн зориулалтаар ашиглах болжээ. Гэвч 2011 оны нэгдүгээр сард гал гарснаас хойш үйл ажиллагаа явуулаагүй, түймЕрийн дараах тэр хэвээрээ өнөөдрийг хүрсэн. Тэгвэл тус газарт нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар, нийслэлийн Засаг даргын Захиргаа, хууль эрх зүйн асуудал хариуцсан ахлах зөвлөх Д.Мөнх-Эрдэнэ, Баянзүрх дүүргийн Засаг дарга Н.Баярмөнх нар өнгөрсөн даваа гараг /2022.06.27/-т ажиллалаа.
Эх орончдын тусгаар тогтнолынхоо төлөө халуун амьсгалаа хураасан энэ газрыг нийтийн эдэлбэр газарт бүртгэж, Цэцэрлэгт хүрээлэн болгох санал энэ үеэр Хотын дарга гаргав. Мөн эзэмшигч аж ахуйн нэгж байгууллагын удирдлагыг хэлэлцээрийн ширээнд урьсан юм. Хотын даргын дээрх санаачилгыг төрийн шагналт түүхч, түүхийн ухааны доктор Д.Өлзийбаатар болон “Чингис хаан” музейн захирал, академич, доктор, профессор С.Чулуун нар дэмжиж буйгаа илэрхийллээ. Хотын өнгө үзэмжид сөргөөр нөлөөлөхүйц уг барилгад хамгийн сүүлд гэр ахуйн цахилгаан бараа, өргөн хэрэглээний бараа, баар, ресторан, караоке зэрэг үйлчилгээний байгууллага үйл ажиллагаа явуулж байсан юм. Энэ газрын эзэмшил нэгээс нөгөөд долоон удаа шилжиж, одоогоор “Пром-импорт” ХХК-ийн эзэмшилд байгаа тухай Баянзүрх дүүргийн Засаг дарга хэлж байлаа. Тэрбээр мөн тухайн газрын төлбөр тооцоонд маргаан байхгүй. Гэхдээ тус газар гэмт хэрэг, зөрчил гардаг, хотын өнгө үзэмжид сөргөөр нөлөөлөхүйц уг барилгатай холбоотой гомдол, санал иргэдийн зүгээс их ирдэг гэлээ.
Тус газрын тохижилтын асуудалд иргэдээс санал авахыг Баянзүрх дүүргийн Засаг даргад үүрэг болгов.