Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвөөс (ЭЗБӨЧСТ) “Дэлхийн өрсөлдөх чадварын тайлан 2022”-ын дүнгийн талаар өчигдөр мэдээллээ. Улс орнуудын эдийн засгийн чадамж, засаглалын үр ашиг, бизнесийн орчин, дэд бүтцийн нөхцөл зэрэг 333 шалгуур үзүүлэлтийг харьцуулан, өрсөлдөх чадварыг нь тодорхойлдог. Тэгвэл энэ жилийн судалгаанд Монгол Улс харьцуулах боломжтойд тооцсон 63 орноос 61 дүгээрт жагсжээ. Энэ нь өмнөх оноос нэг эрэмбээр ухарсан үзүүлэлт юм. Мөн өрсөлдөх чадварын ерөнхий оноо 2021 онд 40 байсан бол энэ жил 36.2 болж 3.8 нэгжээр буурчээ. Ийнхүү өрсөлдөх чадвар буурахад инфляц, валютын ханшийн өсөлт, экспорт, импортын хязгаарлагдмал байдал, ядуурал болон ажилгүйдлийн түвшин өссөн зэрэг нь нөлөөлснийг ЭЗБӨЧСТ-ийн Удирдах зөвлөлийн дарга П.Цагаан хэллээ. Харин дэд бүтцийн бүлгийн хувьд өнгөрсөн жилийнхтэй ижил буюу 62 дугаарт багтсан бол хүн ам болон интернэт хэрэглэгчийн тоо өсөж буй, өндөр технологи нутагшуулах нь нэмэгдсэн, дээд боловсрол эзэмших иргэний тоо ахиж байгаа зэрэг эерэг үзүүлэлт байгаа аж.
Бэлтгэсэн С.Дулам