Хан-Уул дүүргийн XV хорооны нутаг, “Гэгээнтэн” цогцолборын уулзвараас Жуулчны гудамж хүртэл алхлаа. Түгжрэлгүй үед машинаар 10 орчим минут явдаг газарт 40 минут жирийлгээд хүрээд ирэв. Түргэн алхвал 20-25 минут л зарцуулахаар аж. Өглөө, оройд машинаар “зөөлгөж”, гэр бүлийнхэндээ төвөг учруулж байхаар хоёр зээрдээрээ таваргах нь дээр юм шиг санагдав. Цэвэр агаар амьсгалаад, тархиа сэргээчихнэ. Хажуугаар нь булчин, шөрмөсөө ажиллуулж, дасгал хөдөлгөөнд цаг гаргаж чаддаггүй гэмээ цайруулчихна. Гэр, ажил гээд ганцаараа тайван сууж, амсхийж чаддаггүй хүнд бодлоо цэгцэлж, бясалгах боломж ч юм шиг. Бас санхүүгийн хувьд хэмнэлттэй. Энэ мэтчилэн олон давуу талтайг нь бодоод өглөө бүр алхаж баймаар санагдавч ганц л том бэрхшээлд бүдрэх юм. Тэр нь орчны нөхцөл байдал, замын хүртээмж, аюулгүй байдал.
Дээрх чиглэлийн дагуу тав орчим км алхахад саад тотгор өчнөөн таарав. “КH апартмент”-ын ойролцоо ирэхэд явган хүний зам тасарчихав. Тэр хавийн хэсэг замыг засаж байгаа нь тэр гээд баахан элс, шороо овоолчихож. Газар шорооны ажил хийж буй хэсгээр дайралгүй гүүрэн гарцаар явъя гэтэл өнөөх нь цоожтой байв. Ингээд тус хотхоны автомашины зогсоол дундуур зам товчлон явлаа. Зогсоол хайсан машинууд нэгэнтэйгээ өрсөн сүлжилдээд, дайрчих шахах нь түгшүүртэй. Цаашлаад Энхтайваны гүүр хүрлээ. Явган хүнд зориулсан зам нь нарийн, давчуу учраас бусадтай “эв найртай” зөрөх гэж байдгаараа хичээв. Хэд алхаад л хүн, шон хоёртой таарч, зогтусаж байлаа. Гүүр уруудаад Улсын төв номын сангийн буудал хавьцаа ирэхэд хөл хөдөлгөөн эрс ихсэв. Дугуй, мопед унасан залуус авто замд ч, явган хүний хэсэгт ч өчнөөн таарсан юм. Ямар зориулалттай нь үл мэдэгдэх нарийн төмөр зам дагуу хэд хэд байв. Анхааралгүй явбал духандаа “тэмдэг” тавиулж мэдэхээр юм билээ. Тэндээс Төв шуудан, “Цэцэг” төв, “Ард” кино театр, Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музей гэсэн маршрутаар алхсаар ажлын газартаа ирлээ. Энэ хүртэлх зам бартаа саад, мухардал харьцангуй багатай ч энхэл донхол, хагархай, сэтэрхий зөндөө байсан юм. Өсгийтэй гуталтай, эсвэл бага насны хүүхэдтэй хүн явахад хүндрэлтэй санагдав. Тавхан км газар алхахдаа “Хаагуур явбал аюулгүй, эрсдэлгүй, боломжийн замтай бол” гэж бодож, илүү үйлдэл хийж, зарим хэсэгт мухардаж, автомашинд шүргүүлчихэлгүй, дугуйтай хүмүүстэй мөргөлдчихөлгүйг хичээн их л “юм” боллоо. Түгжрэлийг хүлцэлгүй дуут дохиогоо хангинуулах бүдүүлэг жолооч нартай ч таарав. Юун амар тайван алхах, элдвийг бодож, эргэцүүлэх манатай. Ерөөс энэ нь Улаанбаатар хотын нийтлэг дүр төрх аж. Замдаа залуустай уулзаж, санал бодлыг нь сонсоход бүгд ижил бэрхшээл тоочиж байлаа.
Улаанбаатар хот жилээс жилд тэлж, хүн ам өсөхийн хэрээр түгжрэл ч ихсэж буй. Энэ нь нийслэлчүүдийг тээврийн хэрэгслээр зорчихоос татгалзах “шахалтад” оруулж байна.Нөгөөтээгүүр, залуусын амьдралын хэв маяг өөрчлөгдсөнтэй холбоотой. Амьдралын идэвхтэй хэв маягийг эрхэмлэдэг, дасгал хөдөлгөөн тогтмол хийдэг, ууланд алхдаг залуучууд олширсон. Тэд түгжрэлд цаг, мөнгө үрэхийг хүсэхгүй байна. Ажил, гэрийнхээ хооронд, тээврийн хэрэгслээр зорчих шаардлагагүй тохиолдолд явган алхахыг илүүд үзэх болов.Автомашинаасаа татгалзаж алхдаг болсон, эсвэл түүнийгээ унадаг дугуй, мопедоор сольсон хүн эргэн тойронд минь өчнөөн байна. Гэвч тэдэнд чөлөөтэй, аюулгүй, амар тайван зорчих зориулалтын зам алга.
''...Ялангуяа барилга, зам, гүүр зэрэг олон хүний амь, эрүүл мэндтэй холбоотой бүтээн байгуулалтад онцгой ач холбогдол өгдөг. Нөгөөтээгүүр, гамшгийн эрсдэл өндөр бүсэд байрладаг нь ч нөлөөлдөг болов уу. Хазгай, муруй байрлуулсан хавтан, илүү гарсан хадаас ч харагддаггүй. Хүн зорчдог замд ямар нэг эвдрэл үүслээ гэхэд нүдэнд харагдахуйц тэмдэг, тэмдэглэгээ заавал байршуулдаг. Явган хүний зам тасарна гэсэн ойлголт байхгүй...''
МУИС-ийн оюутан Б.Цэлмэг “Би “Академи” хотхонд амьдардаг. 19-ийн үйлчилгээний төвийн ойролцоох супермаркетад саяхнаас туслахаар ажиллаж эхэлсэн. Өглөө болгон тийшээ алхдаг. 20 минут л хангалттай. Дуу эсвэл подкаст сонсоод алхахад нэг мэдэхэд л оччихдог. Явган хүний зам хангалтгүй байна. Заримдаа машинд шүргүүлчих шахам явдаг. Нарийхан замаар хүнтэй зөрөх гэж байгаад мөргөлдөх, хөл алдаад авто зам руу “орох” үе бий. Бас явган хүний зам авто замтай хэт ойрхон санагддаг. Бороо орсон, халтиргаа гулгаатай үед бүр эрсдэлтэй” гэсэн бол Энхтайваны гүүрэн дээр дайралдсан, нягтлан бодогч залуу “Хүмүүс Улаанбаатарыг иргэддээ ээлгүй, эхнээс нь оновчтой, зөв төлөвлөгөөгүй гэж их ярьдаг юм билээ. Би санал нийлнэ. Чөлөөтэй зорчих эрхгүй байна гэдэг үүний баталгаа. Нийтийн зориулалттай гудамж, талбай, зам угаасаа хүрэлцээгүй байхад тэнд нь байшин барьж, хашаа татаж, газраас нь хумсалдаг явдал түгээмэл. Явган хүний зорчих хэсгийн хажууханд барилгын ажил хийлгэдгийг болиулах хэрэгтэй. Тийм газраар явахдаа айдаг. Толгойгоо хамгаалах уу, машин замаар явах уу гэсэн сонголттой олон удаа таарч байна” хэмээн ярьсан юм.
Бага насны хүүхэдтэй нэгэн ээжээс Улаанбаатарт явган хүнд зориулсан зам байдаг уу гэж асуухад “Зам гэж хэлэхэд хэцүү нь их. Хүүхдээ салхилуулахдаа ганцаараа гарч чаддаггүй. Нөхрөө, эсвэл дүүгээ заавал дагуулдаг. Тайван алхах, тэрэг түрж явах зам байхгүй учраас тэр шүү дээ. Хэсэг яваад л зам нь тасарчихдаг. Хүүхдийнхээ тархийг доргиохгүйн тулд нэг нь тэргээ түрж, нөгөөх нь хүүхдээ тэвэрч явсаар гэртээ ирнэ. Үнэхээр хэцүү. Өглөө, оройд салхилангаа алхах сайхан шүү дээ. Даанч хаа сайгүй хагархай, тасархай зам таарах юм. Зарим жолооч явган хүний зам дээр машинаа байрлуулчихдаг. Түүнийг нь тойрч гарах гэж байгаад эрсдэлд орох магадлал өндөр” гэж байлаа.
Японы Фүкүока хотод амьдарч байгаад ирсэн найзаасаа тэндхийн туршлагыг сонирхоход “Япон бол стандартыг ягштал баримталдаг орон. Ялангуяа барилга, зам, гүүр зэрэг олон хүний амь, эрүүл мэндтэй холбоотой бүтээн байгуулалтад онцгой ач холбогдол өгдөг. Нөгөөтээгүүр, гамшгийн эрсдэл өндөр бүсэд байрладаг нь ч нөлөөлдөг болов уу. Хазгай, муруй байрлуулсан хавтан, илүү гарсан хадаас ч харагддаггүй. Хүн зорчдог замд ямар нэг эвдрэл үүслээ гэхэд нүдэнд харагдахуйц тэмдэг, тэмдэглэгээ заавал байршуулдаг. Явган хүний зам тасарна гэсэн ойлголт байхгүй. Гэрээс гарч, машинаас буугаад л явган хүний замаар зорчиж, зорьсон газартаа хүрдэг. Маш цэгцтэй төлөвлөлттэй. Тэнд зургаан жил амьдрахдаа замаас болж стресстэж байгаагүй. Харин энд ирснээсээ хойш бухимддаг боллоо” гэж “гайхуулсан” юм.
Бэлтгэсэн Ж.Сувдмаа