Дундговь аймгийн Мандалговьд зохион байгуулсан, Гавьяат дасгалжуулагч А.Доржсүрэнгийн нэрэмжит өсвөр үеийн УАШТ-ий бүсийн тоглолтод 89 багийн 1200 гаруй тамирчин оролцлоо. Тэднээс хөвгүүд, охидын тус бүр дөрвөн баг шалгаран хоёр бүсэд хуваагдан тоглож байна. Шилдэг наймд тунасан хөвгүүдийн багаас “Багануур”, “Өмнөговь долдугаар сургууль”, “Ноён”, “Баян-Өлгий 1”, “Заамар RKH”, охидынхоос “Баянгол дүүрэг”, “Дундговь БТСГ 1”, Дорнод, Сэлэнгэ аймгийн тоглогчид тэмцээнээ өндөрлүүлж, үзэгчдийн суудалд шилжжээ. Орон нутгаас Орхон аймгийн хөвгүүд, охидын “Уурхайчин” багийнхан үлдсэн байна.
Мөн Хэнтий, Говь-Алтай (эмэгтэй), Сэлэнгэ, Дорнод (эрэгтэй) аймгийнхан өрсөлдөгчдөө хожиж, медалийн төлөө тоглож, өнөөдөр аваргаа тодруулах нь. Волейболтой холбоотой өөр нэг мэдээ дуулгахад, Олон улсын волейболын холбооны ерөнхийлөгч С.Грасагийн урилгаар Филиппиний Манила хотод Азийн 20 улсын үндэсний волейболын холбооны ерөнхийлөгч, ерөнхий нарийн бичгийн дарга нар оролцсон уулзалт болсон. Тус уулзалтын үеэр Олон улсын болон Азийн волейболын холбооны зүгээс Монголын волейболын холбооны үйл ажиллагааг бүх талаар дэмжин ажиллахаа илэрхийлсэн байна.
Бэлтгэсэн Г.Батцэцэг