Онгоцны буудлаас Торонто хотын төвийг зорьж явах зуурт авсан хамгийн эхний мэдрэмж бол ногоон байгууламж. Замын хоёр тал төдийгүй хашаа хороонд хаана зай байна, түүнд мод тарьжээ. Мөн газар нь ногоон зүлгээр хулдаастай. Энэ нь ойд хот босгосон мэт мэдрэмж төрүүлнэ. Хотын төв нь цементэн ширэнгэ аятай, хог шороо, шавар шавхайтай зууралдсан гэр хороололтой Улаанбаатарын хүнд ногоон байгууламжийн “далай” нэн таатай санагдах нь мэдээжийн хэрэг. Хожим Канад улс жил тутам 600 сая мод тарьдаг тухай сонссон юм. Өнөөх моддын дийлэнх нь агч. Канадын төрийн далбаан дээр таван салаа бүхий агч модны навчны дүрс байдгийг уншигчид мэдэх биз. Америк тивийн хойд хэсгийг бүхэлд нь эзлэн оршдог тус улс газар нутгийн хэмжээгээрээ дэлхийд ОХУ-ын дараа хоёрдугаарт ордог. Тодруулбал, 9.9 сая ам км газар нутагтай. Энэ их газар нутгийн дийлэнх хэсэг нь голцуу агч модоор хучаастай гэнэ. Агч ногоон, ягаан, улаан гэх мэт өнгөтэй навчтай байх юм билээ. Олон янзын төрөл зүйл байдаг бололтой. Агч мод хаа сайгүй ургасан байхыг хараад, түүнээс гаргаж авдаг сроппыг амтлаад навчийг нь төрийн далбаандаа залахаас өөр аргагүй юм байна гэж бодогдсон.
Канад 38 сая хүн амтай. Иргэдийн олонх нь сүүлийн 200-300 жил нүүдэллэн ирсэн цагаачид. Канадын хотуудын төв нь л тэнгэр баганадсан өндөр барилгуудтай. Харин хотын зах руу өндөр барилга ховор. Том газар нутагтай болоод ч тэр үү, байшин барилгуудаа таруу барьжээ. Өөрөөр хэлбэл, нийтийн эзэмшлийн талбай, автомашины зогсоол сайтай гэсэн үг. Хотууд нь метро, трамвай, автобус зэрэг нийтийн тээврийг сайтар хөгжүүлсэн. Мөн хурдны замын сүлжээтэй. Тиймээс авто замын түгжрэлгүй. Авто замаар зорчиж буй жолооч нар барагтай бол дуут дохио хангинуулахгүй, эгнээ байраа солихгүй, замын хөдөлгөөнд маш соёлтой оролцоно. Канад нь байгалийн баялаг, АНУ-тай хийдэг худалдаандаа тулгуурласан эдийн засагтай, технологи өндөр хөгжиж, аж үйлдвэржсэн орон. Тиймээс хот, хөдөөгүй дэд бүтцийн хөгжил нь өндөр түвшинд хүрсэн. Хотууд нь төлөвлөлт сайтай, цэвэр цэмцгэр. Хөгжлийнх нь нууц өндөр өсөлттэй эдийн засгаас нь гадна иргэдийнх нь хууль дүрмээ ягштал баримталдаг зан гэнэ.
Худалдаа, үйлчилгээний газрын ажилтнууд нь тун соёлтой харилцаатай. Үйлчилгээ үзүүлсний дараа төлбөр тооцоо хийх үед ёс мэт гарын мөнгө “нэхэх” нь монголчуудын соёлд нийцэхгүй юм билээ. Гэхдээ гарын мөнгө заавал өгөх албагүй. Худалдаа, үйлчилгээний өртөг Монголоос 4-5 дахин өндөр байв. Таваг хоол авч идэхэд 20-25 канад доллар төлөх шаардлагатай. Үүнийг төгрөг рүү хөрвүүлбэл 50-60 мянга болно. Үүнээс өртөг хэр өндөртэйг нь баримжаалж болно. Бараа, бүтээгдэхүүн, хоол унд нь өндөр үнэтэй ч чанартай. Канадын нэг иргэнд 45 мянган ам.долларын дотоодын нийт бүтээгдэхүүн ногддог аж. Энэ нь манайхаас 10 дахин өндөр үзүүлэлт. Тус улсын иргэд өндөр орлоготой учраас хэрэглээ нь ч тансаг байв. Хотын захын худалдааны төвүүд нь ч дэлхийн нэртэй брэндүүд борлуулна.
Дэд бүтцээ иргэдэд аль болох таатай байлгахаар шийдвэрлэсэн учраас стресстэх зүйлгүй. Манай багийн зарим нь “10 хоноход бараг уурлаж, бухимдах шалтгаан гарсангүй. Иргэдээ дээдэлсэн хөгжлийг бүтээсэн орон байна” гэж дүгнэж байв. Канадын хотуудын төвд зөвшөөрсөн гэрэл асахыг хүлээж гарцаар зам хөндлөн гарна. Харин хотын захад бол гэрэл асахыг хүлээх шаардлагагүй. Гарцын хажуугийн гэрэлтүүлгийн шон дээр суурилуулсан товчлуурыг дараад зөвшөөрсөн гэрэл өөрөө асаагаад зам гарчихна. Монтреалд зочилсон монгол айлын орон сууцын барилгын нэг давхарт усан бассейн, бялдаржуулах танхим, уулзалтын болон хүлээн авалт зохион байгуулах өрөө байв. Эдгээрийг ашиглах эрх нь манайхаар СӨХ-ны мөнгийг төлчихөд л нээлттэй гэнэ. Мөн айл болгон автомашины дулаан зогсоолтой аж. Гэрийн эзэгтэй Б.Баярмаа “Энэ орон сууцыг 1980 онд ашиглалтад оруулсан гэсэн. 40 гаруй жилийн өмнө иргэдийнхээ аятай таатай амьдрах нөхцөлийг ийн бүрдүүлж эхэлсэн гэхээр Канад, Монголын хөгжлийн ялгаа ямар зайтай нь харагдах байх” гэж ярьсан юм.
Канадад гэмт хэрэг бараг гардаггүй гэнэ. Мотоциклтой хурд хэтрүүлэн давхиж яваад онхилдож унасан тохиолдол тухайн өдрийн сенсац мэдээ болох нь бий санж. Засгийн газар нь тусгай хөтөлбөр хэрэгжүүлэн нутгийн уугуул хүүхдүүдийн цогцсыг эрэн хайж эхэлжээ. Өнгөрсөн жил хэд хэдэн сүмийн шалан доороос уугуул олон зуун хүүхдийн цогцос олсон нь асар том сенсац болжээ. Цагаачлан очсон европчууд уугуул иргэдийг өөрсдийн соёлдоо уусгах, газар нутагт нь эзэн суух бодлого явуулж байсан гэнэ. Тэд уугуул иргэдийн хүүхдийг сургуульд сургах нэрээр эх хэлийг нь мартуулах, шашны номлолд автуулах үйл ажиллагаа явуулдаг байсан аж. Үгэнд ороогүй хүүхдүүдийг хүчирхийлж, тамлан зовоож хороодог байжээ. Энэ бусармаг үйлдлийнхээ төлөө Канадын Засгийн газар уугуул иргэдээс уучлал гуйн, цогцсыг нь эрэн хайх хөтөлбөрийг эхлүүлсэн байна. Одоо Канадын Засгийн газар уугуул иргэдийг татвараас чөлөөлж, халамж өгөх бодлого баримталдаг аж. Тэдэнд ажил хийхгүй амьдрах хэмжээний халамж олгодог байна. Гэтэл уугуул иргэдийн 30 хувь нь архичин болж хувиран, Засгийн газрын “толгойн өвчин” болжээ. Хот суурин газрын орон гэргүйчүүдийн олонх нь нутгийн уугуул иргэн байдаг гэсэн.
Канадын хотуудын гудамжаар бэлгийн өөр чиг хандлагатай хүмүүс хэнээс ч санаа зовох зүйлгүй алхана. Мансууруулах бодис татаж яваа хүн ч таарна. Тус улс зарим төрлийн мансууруулах бодисын хэрэглээг хуулиар зөвшөөрчээ. Энэ байдал нь хэт замбараагүй эрх чөлөөг олгосон мэт санагдуулна. Гэвч тэнд ажилгүй хүн гэж бараг байхгүй. Залуус нь хоёр ажил хийж, чамгүй орлого олж, брэндийн бүтээгдэхүүнээр гангарна. Бас бусдадаа хүндэтгэлтэй, соёлтой хандаж, төлөв түвшин нийгмийг бүтээдэг аж.
ЦАХИМ ХЭЛБЭРТ ШИЛЖСЭН “LA PRESS” СОНИН
“Монголын тогтвортой хөгжил, нийгмийн хариуцлагын зөвлөл” төрийн бус байгууллагаас хэрэгжүүлж буй “Уул уурхай, эдийн засгийн чиглэлээр сэтгүүлчдийг чадавхжуулах хөтөлбөр”-ийн багийнхан буюу Монтреал хотын өдөр тутмын “La presse” сонины редакцад зочилж, туршлага судалсан юм. Монтреал хот нь Канадын Кэбэк мужийн төв. Тус мужид францчууд олноор амьдардаг учраас гол төлөв франц хэлээр ярина. Ерөөс Канад нь англи, франц гэсэн хос хэлтэй орон юм. Монтреал хот франц хэв загварын уран барилга олонтой. Тиймээс жуулчид Канадын хамгийн гоё хот гэж дүгнэх нь бий. Тус хот гурван сая хүн амтай аж. “La presse” сонины хөгжил хариуцсан захирал Янн Пино биднийг хүлээн авч, дэлгэ рэнгүй танилцуулга хийсэн юм. Сонин нь 200 сэтгүүлчтэй, 50 орчим мэдээллийн технологийн инженертэй, нийт 300-гаад хүний багтай гэнэ. Өмнө нь 200 гаруй мянган хувь хэвлэгддэг байжээ. Нийгмийн сүлжээ хөгжихийн хэрээр зар сурталчилгаанаас олох орлого нь буурсан байна. Тиймээс сониноо 2013 оноос цахим хэлбэрт шилжүүлжээ. Амралтын өдрийн дугаараа цаасаар хэвлэж тарааж байсан бол 2015 оноос бүрмөсөн цахим хэлбэрт шилжүүлсэн гэнэ.
Сониноо таблетаар уншиж болох хэлбэрт шилжүүлэхэд 40 сая ам.доллар зарцуулжээ. Одоогоор цахим хэлбэрт шилжүүлсэн сонины уншигч нь 240 мянгад хүрээд байгаа аж. Тэднийх цахим сонины аппликейшнээ мэдээнээс мэдээ рүү шилжих хооронд зар сурталчилгаа “явах” байдлаар хийсэн байна. Сонин нь зөвхөн зар сурталчилгаанаас орлого олдог гэнэ. Одоогоор жилд 60 сая ам.долларын орлого олдог болжээ. Тус сонин өмнө нь бизнесийн группийн харьяанд байсан гэнэ. Тэгвэл одоо ашгийн төлөө бус, төрийн бус байгууллагын хэлбэрт шилжүүлэн сэтгүүлчдийн зөвлөл нь үйл ажиллагааг нь хариуцах болсон аж. Янн Пино “Судалгаа хийхэд нас тогтсон хүмүүс манай сониныг уншиж байна. Сонины цахим хэлбэрээ ухаалаг утаснаас уншдаг болгох, залууст хүргэхээр ажиллаж байгаа” гэв. Тэднийх есөн хүний бүрэлдэхүүнтэй эрэн сурвалжлах сэтгүүлчдийн баг ажиллуулдаг гэнэ. Тус баг нь иргэдийг хохироох, эрхийг нь зөрчих магадлалтай бодлого, шийдвэрт тал талаас нь дүн шинжилгээ хийн цуврал нийтлэлүүд гаргаж үр дүнд хүрдэг аж.
ПАРЛАМЕНТЫН СОНГОГДДОГ, ТОМИЛОГДДОГ ХОЁР ТАНХИМ
Монгол Улсаас Канад Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Я.Ариунболд биднийг Оттава хотод ажиллах үеэр Парламентын ордонтой нь танилцуулах аяллыг зохион байгуулсан юм. Канадын нийслэл Оттаваг тус улсын засаг, захиргааны хот гэж хэлж болно. Тэнд Канадын парламент, Засгийн газар, яамд, дээд шүүх, Элчин сайдын яамд, улс орны хэмжээнд бодлогын нөлөө үзүүлдэг төрийн бус байгууллагууд байрладаг. Парламентын ордон нь гурван тусдаа байшингаас бүрдэнэ. Тэдгээр нь Европын уран барилгын сонгодог загварын ур хийцтэй. Үүгээрээ олны нүдийг хужирлаж, анхаарлыг татдаг байна.
Бид холбооны парламентийн хурлын танхимтай танилцсан. Энэ нь Канадын парламентын доод танхим юм. Канад нь 10 муж, гурван хязгаартай нутагтай холбооны улс. Хязгаар гэдэг засаг захиргааны тусгай нэгж юм. Муж болон хязгаар бүр нь өөрийн шийдвэр гаргах эрхтэй ч гол хуулийг парламент нь баталж, нийтээр мөрдүүлдэг. Доод танхимын гишүүд холбооны тойргуудаас энгийн олонхийн саналаар сонгогддог аж. Манайх шиг тойргуудад өрсөлдөж сонгогддог гэсэн үг. Ордны танхим нь баруун, зүүн талаар нь эгнүүлсэн ногоон сандлуудтай байв. Парламентын гишүүнээр 300 гаруй төлөөлөгч сонгогддог ч сандлын тоо нь түүнээс илүү байдаг аж. Танхимын зүүн талд эрх баригч намынхан, баруун талд сөрөг хүчнийхэн сууж, өөд өөдөөсөө харан халз мэтгэлцдэг гэнэ. Парламентын дотоод танхимын сонгуульд ялалт байгуулсан намын дарга Ерөнхий сайдаар томилогддог уламжлалтай. Хэрэв Ерөнхий сайд парламентын хуралд оролцвол зүүн талын хамгийн урд эгнээний 11 дэх сандал дээр суудаг уламжлалтай аж. Парламентын доод танхимын гишүүнээр сонгогдож чадаагүй Ерөнхий сайд хурлын танхимд хөл тавих эрхгүй гэнэ. Ийм тохиолдол маш цөөн гарч байжээ. Доод танхимын сонгууль дөрвөн жил тутам болдог.
Канадын сенатын танхимын гишүүдийг Ерөнхий сайдын санал болгосноор амбан захирагч томилдог. Сенатын гишүүнээр томилогдсон хүн 75 нас хүртэл ажиллах эрхтэй. Хоёр танхимын аль аль нь томилгоо хийх, хууль батлах эрхтэй гэсэн. Амбан захирагч нь хатан хаан II Элизабетийн төлөөний хүн юм. Английн хатан II Элизабет Канад, Австралийн төрийн тэргүүн. Нэг талаар Канад нь үндсэн хуульт буюу хэмжээт эрхт хаант засаглалтай орон. Нөгөө талаар ардчилал, хүний эрхийн хүчтэй уламжлал бүхий парламентын засаглалтай. Хатан хаан II Элизабет үндсэн хуулийн хямрал болсон тохиолдолд засгийн эрхийг мэдэлдээ авах эрхтэй. Түүнээс биш Канадын төрийг парламентаас гаргасан шийдвэрийн дагуу Ерөнхий сайд нь удирддаг. Канадын парламентын танхимын байр эртний уран барилгын сонгодог загвартай ч дотоод засал нь орчин үеийнх байв. Канадад албан байгууллага, аж ахуйн нэгж, айл өрх эзэмшил газраа хашаалдаггүй. Парламентын ордонд нь ч мөн адил хашаагүй байв. Бидний ордонтой танилцах үеэр иргэд нь өмнөх талбайд нь жагсаал хийж байлаа. Канадын иргэд өөрсдийнхөө төдийгүй бусдын, бүр амьтны эрхийг ч хамгаалж жагсдаг гэнэ. Тэгээд хүссэн шийдвэрээ гаруулж дөнгөдөг гэнэ лээ. Тус улсад ардчилсан тогтолцоо бодит агуулгаараа хөгжсөний шинж энэ биз ээ.
Монголтой харьцуулахад Канад улс газар нутгийн хэмжээ, хүн амын тоо, нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүнээрээ 10 дахин том байв. Өдөр тутмын хэвлэл нь хүртэл хөгжлийн чиг хандлагаа даган 10 жилийн өмнө цахим хэлбэрт шилжсэн байх жишээтэй. Харин хөгжил нь хэдэн жилээр түрүүлж явааг баримжаалж эс чадав. Манай багийнхан “Канад Монголоос 10 дахин том юм” гэсэн хөнгөн дүгнэлт хийгээд нутгаа зорьсон.
Бэлтгэсэн Т.Энхбат