Үндэсний цөөнхийн боловсролын бодлогын талаар Баян-Өлгий аймгийн иргэн М.Рысбек өчигдөр Хэвлэлийн хүрээлэнд мэдээлэл хийв. Тэрбээр “Монгол хэлний хичээлийн элсэлтийн ерөнхий шалгалтад казах хүүхдүүд муу дүн авч, сүүл мушгисан тохиолдол анхных биш. Жил бүр ийм асуудал гардаг. Үүний шалтгаан нь сурах бичгийн хангамж, агуулга муутай холбоотой. Судалгааны ажлуудаас харахад ахлах ангийн сурагчдын 30-35 хувьд нь л энэ хичээлийн сурах бичиг байдаг. Баян-Өлгий аймагт монгол хэлний хичээл зааж байгаа багш нарын 70 хувь нь хэлний боловсрол маш тааруу. Дээр нь монгол хэлний хичээл долоо хоногт 5-7, казах хэл, уран зохиол 1-2 цаг ордог. Орж буй цаг нь их ч чанар нь муу. Тийм учраас үр дүнгүй байна” гэв. Мөн “Баян-Өлгий аймгийн боловсролын салбар авлигад идэгдсэн. Ажилд орж байгаа хүний хаана боловсрол эзэмшсэн, чадвар нь хэр гэдгийг харгалзахгүйгээр хахууль өгсөн л бол ажилд авдаг. Энэ систем нь хүүхдүүдийг монгол хэл ч үгүй, казах ч үгүй болгож байна” хэмээн ярилаа.
Бэлтгэсэн Ц.Дүүрэнжаргал