Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороонд гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд байгуулж буй “Оргил” хорооллын эхний ээлжийн 126 айлын орон сууцын барилгыг ашиглалтад оруулжээ. Төсөл гүйцэтгэгч нь “Шинэ барилга” ХХК аж. Эднийх 2020 онд уг төслийг хэрэгжүүлэхээр шалгарсан байна. Уг хорооллыг 2028 он гэхэд бүрэн барьж дуусгах төлөвлөгөөтэй бөгөөд нийт 3654 айлын орон сууц, 640 хүүхдийн сургууль, 240 хүүхдийн цэцэрлэг, эмнэлэг, спорт танхим бүхий цогц хороолол хүлээлгэж өгөх үүрэг хүлээжээ. Ташрамд дурдахад, гэр хорооллын газрыг дахин төлөвлөж, барилгажуулах төслийг 2013 оноос хэрэгжүүлж буй юм. Өнгөрсөн хугацаанд 2519 нэгж талбарт газар чөлөөлж, 11 755 айлын орон сууц ашиглалтад оруулжээ. Одоогоор нийслэлийн 19 байршилд төсөл хэрэгжүүлэхээр шалгарсан 43 аж ахуйн нэгж ажиллаж буй юм байна.
Бэлтгэсэн Р.Оюунаа