Хөшигийн хөндийн нисэх онгоцны буудал руу автобус өнгөрсөн баасан гаргаас явж эхэлсэн. Тодруулбал, “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудал-“Драгон” авто вокзал, Таван шар”, “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудал-Улсын их дэлгүүр, 120 мянгат” гэсэн хоёр маршрутаар үйлчилж эхэлсэн билээ. Уг чиглэлд зорчиход том хүн 20 000, хүүхэд 7000 төгрөг төлөхөөр тогтоосныг нийслэлийн Сургалт, судалгаа, олон нийттэй харилцах газраас мэдээлж байв. Үүнд иргэд бухимдан “Дархан-Уул-Улаанбаатар чиглэлийн автобуснаас үнэтэй байна. Энэ чиглэлд 17 000 төгрөгөөр зорчдог”, “Өглөө эрт нислэгтэй хүмүүс автобусаар зорчих боломж алга” гэх зэргээр цахим орчинд шүүмжилж байлаа. Иймээс тус нийтийн тээврийн үнэ, цагийн хуваарьт өөрчлөлт оруулжээ. Тодруулбал, том хүнд 10 000, хүүхдэд 5000 төгрөгөөр үйлчлэхээр болсон аж. Мөн Улаанбаатараас 06.20 цагт эхний автобус хөдлөх хуваарьтай байсныг 05.00 цагаас эхлүүлж, “Чингис хаан” олон улсын нисэх буудлаас 09.00 цагт хөдлөх эхний автобусынхыг 07.10 болгон өөрчилжээ.
Бэлтгэсэн М.Мөнхжаргал