“Чингис хаан” музей товлосон хугацаандаа үйл ажиллагаагаа эхлүүлэх боломжгүй болжээ. Тус музейнхэн долдугаар сарын эхээр буюу Үндэсний их баяр наадмаас өмнө үүдээ нээнэ гэж мэдээлж байсан бол энэ хугацаандаа амжихгүй болсон талаараа өчигдөр мэдээллээ. Музейн Боловсрол, олон нийтийн харилцаа, маркетингийн хэлтсийн мэргэжилтэн “Долдугаар сарын 3-нд нээхээр төлөвлөж байсан ч хил, гаалийн үйл ажиллагаанаас болоод зарим ажил саатсан. Тодорхойгүй нөхцөл байдал үүсээд байна” гэв.
Шинэ музейнхэн хэвлэл мэдээллийн байгууллагынхныг дотогш нэвтрүүлж, мэдээ, сурвалжилга бэлтгэхийг зөвшөөрдөггүй атлаа төрийн албан тушаалтнуудад “онцгой” эрх олгодог гэсэн шүүмжлэл нийгмийн сүлжээнд тархаад буй. Энэ талаар тодруулахад “Музей бол онцгой объект. Түүх соёлын хосгүй, үнэт олдворууд энд хадгалагддаг. Тэдгээр олдворыг танхимд байршуулчихсан учраас бүрэн дэглэж дуустал гаднын ямар ч хүн нэвтрүүлэхгүй. Энэ журам бүх хүнд ижил тэгш үйлчилж байгаа” гэв.
Бэлтгэсэн Ж.Сувд