Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар “Төв цэнгэлдэх хүрээлэнгийн үзэгчдийн 10 500 сандлыг шинээр сольж байна” гэсэн. Төрөөс бүхнийг хэмнэнэ, аливаад ухаантай хандана гээд хууль хүртэл баталж, адаглаад л яамдын хэдэн тэргийг хурааж аваад байсан. Гэтэл хувь хүмүүс дийлэнх хувийг нь эзэмшдэг цэнгэлдэх хүрээлэнг нийслэлийн ч бай, улсын ч бай чамгүй хэмжээний хөрөнгөөр засаж тохижуулах нь зарчимд хэр нийцэж байна вэ. Өнөөх хэмнэлтийн гэх хуультай нь харшилдахгүй гэж үү. Логик байна уу. Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойг олон нийтэд таалагдахаар “өнгөлөг” тэмдэглэх л гэж тэр үү. Хувьсгалын мөн чанар, үр дагавар, ач холбогдлын талаар энэ үеийнхэнд ойлгуулахад цэнгэлдэх хүрээлэнгийн сандал шинэ, хуучин байх нь ихээхэн хамаатай юу. Нэгэнт хэмнэхээр шийдсэн юм бол энэ тухайгаа тайлбарлаж хэлээд, цэнгэлдэхэд үзүүлэх тоглолтуудыг аль болох нүсэр биш, орчин үеийн хэлбэртэй бөгөөд сонирхолтой байдлаар явуулахад анхаарлаа төвлөрүүлсэн нь дээр байгаагүй юу.
Улс юм чинь, нийслэлтэй юм чинь төв цэнгэлдэх хүрээлэнтэй байлгүй л яах вэ. Яагаад ч юм байсан ганцаа тэртээ 1993 онд сэм хувьчилчихсан түүхтэй. Явцын дунд нийслэл 49, харин Т.Нямдаваа захиралтай “Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК 51 хувийг нь эзэмшдэг болсон гэж байгаа. Ингээд дийлэнхийг нь хувь хүмүүсийн мэдэлд өгчихсөн хэрнээ жил болгон шахам наадам болохын наана нийслэлийн хөрөнгөөс сандал, суудалд нь будаг шунх түрхэж ирсэн бөлгөө.
Засгийн газар, нийслэлийн хэмжээнд авч үзэхэд төлөвлөгөө ёсоор бол энэ жил цэнгэлдэхийн асуудал арай өөр байх байв. Бид шинэ, 35-45 мянган хүний суудалтай, битүү дээвэртэй Үндэсний төв цэнгэлдэх хүрээлэнтэй болчихсон, хүссэн хүн бүр наадмын нээлт үзэхээр тасалбар авчихаад бэлдэж байх байсан юм. Шинэ цэнгэлдэх нь үндэсний онцлог хэв шинжийг агуулсан, байгаль орчинд ээлтэй, орчин үеийн дэвшилт технологийн шийдэл бүхий, Үндэсний их баяр наадмаас гадна спортын төрөл бүрийн тэмцээн, урлаг, уран сайхны арга хэмжээг олон улсын стандартын дагуу зохион байгуулах бололцоо нөхцөлийг хангасан цогцолбор байх байлаа. Гэтэл өнөөдөр сураг нь ч алга.
Шинэ цэнгэлдэхээ хайж үзлээ. Нийслэлийн өмчийн харилцааны газар мэднэ гэв. Тэнд байдаггүй. Нийслэлийн Ерөнхий архитекторын газраас асуух болов. Тэнд хариу хэлэх хүн алга. Байгаагаас тухайн үед загварын уралдаанд тэргүүлсэн гэх, дээвэр нь эмээлийнх мэт хэлбэртэй барилгын зураг л байна. Бүгд л бараг “Юун шинэ Цэнгэлдэх хүрээлэн билээ” гэх янзтай эг маг хийх аж. Янз нь тэр бүтээн байгуулалт “алдагджээ”. Ингэж хэлэх учир байна. Засгийн газар, нийслэлийн удирдлагын аль аль нь “Цар тахлаас болж хойшлуулсан”, аль эсвэл “Хэмнэлтийн хуулийн хүрээнд алгуурлалаа” гэх болов уу. Байж болох л юм. Тийм атал хувийн хэвшлийнхэн дийлэнх хувийг нь эзэмшдэг төв гэх цэнгэлдэх хүрээлэнгийн 10 500 сандлыг шинээр солиод байдаг. Хэр хэмжээний мөнгө зарцуулж буй бол. Тооцвол шинэ Үндэсний цэнгэлдэх хүрээлэнгийнхээ суурийг элбэгхэн цутгачих хэрийн хөрөнгө лав үрж байгаа даа. Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойг “өнгөлөг” тэмдэглэх гэж ийм үргүй зардал гаргах эрх нийслэлийн удирдлагад л байдаг байх даа. Энэ тухайд “Яагаад үргүй зардал гаргах ёстой юм бэ” гэж асууж тодруулах, хянах, хариуцлага нэхэх хэн ч байхгүй. Тогтолцоо, систем ч үгүй. Улсын ажлыг хэдий болтол ингэж явуулан, төсөв хөрөнгөд ийм үрэлгэн хандах юм бэ. Одоо нийслэлийн удирдлагаас асууя. Шинэ Үндэсний цэнгэлдэх хүрээлэн хаана байна вэ.
Түүх сөхье. 2019 онд одоогийн Төв цэнгэлдэх хүрээлэнгийн, нийслэлийн мэдлийн 49 хувийг зарах шийдвэрийг нийслэлийн ИТХ-аас гаргасан билээ. Нийслэлээс тус хүрээлэнгийн 51 хувийг эзэмшигч субъектэд 49 хувьд нь дүйцэх үнийг санал болгоно, хэрвээ зөвшилцөхгүй бол нээлттэй дуудлага худалдаа зохион байгуулж борлуулна гэсэн мэдээлэл цацсан юм. Яагаад зарах болсон талаар тухайн үед нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч байсан Ж.Батбаясгалан “Нийслэлийн ИТХ-ын ээлжит хуралдаанаас 2020 онд Төв цэнгэлдэх хүрээлэнгийн 49 хувийг хувьчлах шийдвэр гаргасан бөгөөд 20 гаруй тэрбум төгрөгөөр үнэлнэ. Энэ хүрээлэн ашиггүй, зарлага ихтэй. Одоогийн байгууламжийн багтаамжийг 3-4 дахин нэмэгдүүлж, 35-45 мянган хүний суудалтай цэнгэлдэх хүрээлэн барихаар Засгийн газар шийдвэрлэсэн. Уг ажлыг эхлүүлэх хөрөнгийг 2020 оны төсөвт суулгасан. Наадмыг жил болгон ихдээ 15 мянган хүнд үзүүлдэг бол шинэ цэнгэлдэхтэй болсноор тоо хэд дахин нэмэгдэх юм. Цэнгэлдэхийг худалдсанаар өнгөрсөн хугацаанд гаргасан зардлыг хэд дахин нугалах орлого нийслэлийн төсөвт орох боломжтой. Бид үүнд зорьж байна” гэсэн.
Ж.Батбаясгалан даргын ингэж хэлж байсан хүчинтэй хэвээр үү. Ер нь шинэ Цэнгэлдэх хүрээлэнг барих уу. Эсвэл хэн нэгний, хэсэг бүлгийн эрх ашиг хохирох болоод бүр больж байна уу. Үндэсний их баяр наадам хаяанд ирсэн энэ өдрүүдэд энэ асуултад хариу авмаар байна.
Ер нь цирк ч байсан хувьчлал нэрээр хувь хүнд өгчихдөг, цэнгэлдэх хүрээлэн байсан ч хувьчилчих нь олон нийтийн эрх ашигт эрс харшлах явдал хэмээн санадаг. Төв цэнгэлдэх хүрээлэнг улсад, нийслэлд нь буцааж авна гэдэг үлгэр биз, тэгээд ч ашиггүй гэж үздэг юм байна. Тийм юм гэмээж нь төлөвлөснөөрөө, хэсэгтээ шуугиулснаараа шинэ Үндэсний цэнгэлдэхээ барих ажлаа шалавлавал ямар вэ. Бүтэхээ байсан юм бол олон нийтэд үнэнээр нь мэдээлбэл зохилтой.
Монголчуудын үндэсний их баяр наадам болдог Төв цэнгэлдэх хүрээлэнг барих ажлыг 1958 онд эхлүүлж, дараа жил нь ашиглалтад оруулж байжээ. Түүнээс хойш их засвар хийгээгүй. Голдуу наадам болохын өмнө сандлыг нь будаж, өнгийг нь сэргээн, сүүдрэвч, секцүүдийн дээврийг засах зэрэг урсгал засварыг жил бүр улсын төсвөөр хийж ирсэн байна. 1993 онд хувьчилсан. Нийслэлийн өмч байхдаа 31 га газрыг хамардаг байсан бол Т.Нямдаваа тэргүүтэй хувь хүмүүсийн мэдэлд очсоноор газар нь хэдхэн жилийн хугацаанд 10 га болж багассан. Хүрээлэнгийн баруун, зүүн талд байшин барьж, зарж борлуулдаг хүмүүсийн нэрсийн жагсаалтад үе үед төрд өндөр алба хашиж байсан этгээдүүдийнх байдаг.
Төр, нийслэл төв цэнгэлдэх хүрээлэнгээ “Эрдэнэт үйлдвэр”-ийг буцаасан шигээ, эргүүлж авах шаардлагагүй гэж үзсэн юм бол наадмын хоёр өдөрт зориулж хувь хүмүүсийн байгууламжийг будаж, хадаж байхын оронд шинэ Үндэсний цэнгэлдэх хүрээлэнгээ элдэв шалтгаан тоочилгүй барьж байгуулмаар.
Төрийн, нийслэлийн ажил хэрхэн, ямар хурдтайгаар урагшилдгийн жишээ энэ цэнгэлдэх хүрээлэн боллоо гэхээр. Дарга нар эргэж, буцаж байх хооронд зорьсондоо чин сэтгэлээр тэмүүлдэг хувийн хэвшлийнхэн богино хугацаанд юу хийж чаддагийг, болдгийг “Стэп арена” мөсөн өргөөг барьж байгуулсан хүмүүс харуулав. Тэд цар тахлын дундуур туучиж, өдөр хоног алгасалгүй хөдөлмөрлөсний үр дүнд өнөөдөр улсын нүүр тахлах өргөө, ордон байгуулчихаад байна шүү дээ. Төр муу менежер гэдгийн тод жишээ нь шинэ Үндэсний цэнгэлдэх хүрээлэн болов оо.
Бэлтгэсэн Р.Оюунжаргал