Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг өчигдөр танилцууллаа. Тус хуралдаанаар 25 байгууллагын төрийн мэдлийн хувьцааг олон нийтэд нээлттэй худалдах жагсаалтыг баталжээ. Тухайлбал, “Монголын хөрөнгийн бирж”, “Монголын цахилгаан холбоо” болон Үндэсний давхар даатгалын компанийн 34 хүртэлх хувийг ирэх жилийн дөрөвдүгээр улиралд багтаан шат дараатайгаар, олон нийтэд нээлттэй арилжих юм байна. Мөн Банкны тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтийг хэрэгжүүлэх зорилгоор системийн нөлөө бүхий таван банкны хувьцааг 2023 оны зургадугаар сарын 30-наас өмнө олон нийтийн хяналтад шилжүүлэхээр болжээ. Эдгээр ажлыг Монголын хөрөнгийн биржээр дамжуулан хийхийг тус биржийн гүйцэтгэх захирал Х.Алтай дурдав.
Түүнчлэн улсын зарим үйлдвэрийн газар, компанийг татан буулгах, нийлүүлэхээр болсныг мэдээллээ. Үүний хүрээнд усны асуудал эрхэлсэн агентлагт “Монгол-Ус” төрийн өмчит үйлдвэрийн газрын чиг үүргийг даатган, тус ТӨҮГ-ыг татан буулгах нь. Мөн Хууль зүй, дотоод хэргийн яамны харьяа, салбарын ажилчдын хувцас, хэрэгслийн үйлдвэр “Цагаан шонхор”-ыг “Бөртэ” ТӨҮГ-тай нэгтгэхээр болжээ. БНХАУ-ын 30 гаруй тэрбум төгрөгийн буцалтгүй тусламжаар Буянт-Ухаа спортын ордонд засвар, шинэчлэл хийж буй бөгөөд ажил нь дуусахад тус ордонд үндэсний шигшээ багийн бэлтгэл, сургалтын төв нээх гэнэ. Цаашид төрийн өмчит компаниудын үйл ажиллагааг нэгтгэн, улсын үйлдвэрийн газар гэсэн статусгүй байх бодлого баримтлах бөгөөд төрийн болон төрийн өмчит компани байгуулах үндэслэл журмыг хуульчилж, нарийн зохицуулах аж.
“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд сум дундын ойн ангиудын алслагдсан байдал, хүчин чадлаас нь шалтгаалан бүтэц, зохион байгуулалтыг нь өөрчилж эхэлжээ. Тухайлбал, Даланзадгад дахь сум дундын ойн ангийг хоёр хуваах шийдвэр гаргасныг Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ онцоллоо. Тэрбээр “Өнгөрсөн тавдугаар сарын байдлаар 737 орчим мянган га газарт ойн хөнөөлт шавж тархсан гэсэн судалгаа байна. Улсын хэмжээнд өмнөх онд олон мянган га газарт шавж үүрлэсэн бол одоогоор зөвхөн Хөвсгөл аймагт 327 489 га талбайд ойн хөнөөлт шавжийн голомт илрээд байгаа. Тиймээс ойн хөнөөлт шавжтай тэмцэхэд зориулан Засгийн газрын нөөц хөрөнгөөс хоёр тэрбум төгрөг зарцуулахаар болсон” гэв.
Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулах үеэр Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын дарга Б.Цэнгэлээс “Хөтөлийн цемент, шохойн үйлдвэр”-ийн үйл ажиллагаа, бүтээгдэхүүний нийлүүлэлтийн талаар сэтгүүлчид тодрууллаа. Тэрбээр “Хөтөлийн цемент, шохойн үйлдвэр”-ийг төрд буцааж авснаас хойш хоёр сар гаруйн хугацаа өнгөрлөө. Түүнээс хойш 200 гаруй мянган тонн цемент зах зээлд нийлүүлсэн. 1984 оны техник, технологитой үйлдвэр хүлээн авч, тоног төхөөрөмжөө компанийнхаа нөөц боломжоор засаж буй. Суурилагдсан хүчин чадал нь жилд нэг сая хүртэлх тонн цементийг хуурай аргаар үйлдвэрлэх боломжтой ч одоогоор ингэж ажиллаж чадахгүй байна. Ирэх долоо хоногт гурван тээрэм ашиглалтад оруулна. Ингэснээр үйлдвэрлэлийн бүтээмж сайжирна гэсэн үг. Бүтээгдэхүүнийхээ 40 орчим хувийг Улаанбаатар-Дархан-Уул чиглэлийн болон Өвөрхангай аймаг, Шарын гол дахь авто замын бүтээн байгуулалтад нийлүүлж буй” гэв.
Бэлтгэсэн С.Цэрэн