“Мишээл экспо” ХХК-ийнхан “Наадам экспо” үзэсгэлэн, худалдааг зургаа дахь жилдээ зохион байгуулах нь. Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан хийж буй эл арга хэмжээг ирэх сарын 1-нд нээж, “Мишээл экспо” олон улсын худалдааны төвд таван өдөр үргэлжлэх юм байна. Энэ жил үндэсний хувцас, гоёл чимэглэл, аяллын хэрэгслүүд болон бусад бараа, бүтээгдэхүүнийг борлуулахаас гадна сонирхолтой олон хөтөлбөр хэрэгжүүлэхээр төлөвлөжээ. Тухайлбал, үзэсгэлэн, худалдааг зорин ирсэн хүмүүс 800 жилийн өмнөх Хархорум хотоор виртуал орчинд аялах боломжтой аж. Тус үйл ажиллагааны эхний өдөр урлагийн тоглолт болох бол удаах өдрүүдэд залуусын дунд уламжлалт наадгайн тэмцээн зохион байгуулах гэнэ. Мөн 50 мянгаас дээш төгрөгөөр бараа худалдан авбал сугалаанд оролцох эрх олгох бөгөөд Монгол орны үзэсгэлэнт байгальд аялах азтанг тэдний дундаас шалгаруулах аж.
Эл арга хэмжээг зохион байгуулагчид “Наадам экспо-2022” нь үндэсний үйлдвэрлэлийг дэмжих, урамшуулах, шинээр гарч ирж байгаа аж ахуйн нэгж, бүтээгдэхүүнийг зах зээлд таниулах зорилготой. Мөн зорин ирсэн үйлчлүүлэгчдэд наадмын бэлтгэлээ нэг доороос базааж, бараа, бүтээгдэхүүнийг үйлдвэрийн үнээр худалдан авах, гэр бүлээрээ цагийг зугаатай өнгөрүүлж, орчин үеийн техник, технологийн хөжилтэй танилцах боломж олгохоороо онцлог” гэв.
Бэлтгэсэн Ц.Дүүрэнжаргал