Элсэлтийн ерөнхий шалгалтын оноог нэгтгэн, өмнөх онуудтай харьцуулсан дүнг Боловсролын үнэлгээний төвийн удирдлага өчигдөр мэдээлэв. Энэ жил 36 253 шалгуулагч бүртгүүлснээс 2872 сурагч шалгалтад ирээгүй бөгөөд олонх нь өнгөрсөн оны төгсөгч аж. 2020 онд 182, өнгөрсөн жил 209 шалгуулагч 800 оноо авч байсан бол энэ удаад 208 сурагч дээрх оноог хүртжээ. Үүнээс орос хэлний хичээлээр 67, газар зүйн хичээлээр ганц л шалгуулагч хамгийн өндөр буюу 800 оноо авсан аж. 480-аас бага оноо авсан 7333 элсэгч их сургуульд орох боломжгүй ч коллеж, дээд сургуульд суралцах эрхтэй. Харин 400-гаас бага оноо авсан 1355 шалгуулагч дахин шалгалт өгөх шаардлагатай гэнэ.
Одоогоор шалгалтын оноондоо эргэлзэж байгаагаа илэрхийлсэн 300 гаруй өргөдөл шалгуулагч нар ирүүлжээ. Энэ талаар Боловсролын үнэлгээний төвийн захирал Л.Ганбат “Өргөдөл, гомдлын дийлэнх нь оноогоо хүлээн зөвшөөрөөгүйтэй холбоотой. Энэ тохиолдолд тухайн сурагчийн шалгалтын эх хувийг эцэг, эх, багшийнх нь хамт байлган гараар тулгах ажил хийхээр төлөвлөсөн. Мөн харандаа хугарсан, баллуур арилгахгүй байгаа тухай асуудал хөндөгдсөн. Материал дээрх будалтаас шалтгаалж, хариу андуурагдах боломжгүй, ийм тохиолдол нэг ч гараагүй” гэв. Боловсролын ерөнхий газрын дарга Т.Ням-Очир “Монгол хэл, бичгийн шалгалтад тэнцээгүй 1180 шалгуулагч бий. Тэдний 38 хувь нь Баян-Өлгий аймгийнх. Тиймээс зөвхөн энэ жил төгссөн сурагчдад боломж олгож ирэх наймдугаар сард уг шалгалтыг дахин авахаар бэлтгэл ажил хангаж байгаа” хэмээв.
Ташрамд дурдахад, шалгалтад өөрийнхөө оронд өөр хүн оруулсан долоон шалгуулагчийн бүх хичээлийн оноог хүчингүй болгосон бол гар утас ашиглахыг завдсан хоёр зөрчлийг шийдвэрлэхээр ажиллаж байгааг албаныхан онцоллоо.
Бэлтгэсэн М.Мөнхжаргал