Вашингтоны их сургуулийн мэргэжилтнүүдийн баг Гренландын зүүн өмнөд хэсгийн дулаан уур амьсгалд амжилттай дасан зохицсон цагаан баавгайн шинэ төрөл зүйлийг илрүүлжээ. Энэ тухай Daily Mail мэдээлэв.
Хэвлэлд тодорхойлсноор, хойд өргөргийн 60-64 градусын хооронд хөлддөггүй далайн ойролцоо эдгээр махчин амьтад ажиглагдсан байна. Баавгайн эл төрөл зүйл генетикийн хувьд ялгаатай бөгөөд өндөр хэмийн цаг уурт амьдрах чадвартай өвөрмөц шинж чанартай байжээ.
Мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар олдсон эдгээр баавгайн төрөл зүйл дор хаяж хэдэн зуун жил тусгаарлагдмал амьдарч байсан бөгөөд энэ бүх хугацаанд тэдний тоо толгой төдийлэн өсөөгүй байна. Үүний шалтгаан нь эмэгчин баавгайн бие жижиг, цөөхөн бамбарууш төрдөг байж магадгүй гэж судлаачид үзжээ.
Цагаан баавгайн мөс багатай нөхцөлд дасан зохицох нь (эл төрөл зүйл жилийн дөрөвхөн сар буюу 2-р сараас 5-р сар хүртэл далайн мөсөнд хүрэх боломжтой) ирээдүйн цаг уурын өөрчлөлтөд эл амтны амьдралын талаархи ойлголтыг өгч магадгүй юм.
Гэсэн хэдий ч энэ нь цагаан баавгайн бүх төрөл зүйлийг аварна гэж найдаж болохгүй юм. Учир нь бүгдэд мөс хүрэлцэхгүй гэж эрдэмтэд нэмж хэлэв. Тиймээс дэлхийн дулаарлаас шалтгаалан эдгээр хөхтөн амьтдын тоо Арктик даяар буурна гэж тэд үзсэн хэвээр байна.