Нийслэлийн Багануур дүүргийн прокурорын газраас тус дүүрэг дэх хорих ангиудад эрүүдэн шүүх, бусад хэлбэрээр хэрцгий, хүнлэг бус харьцсан эсэх талаарх шалгалтыг 2022 оны тавдугаар сарын 16-наас зургадугаар сарын 13-ны хооронд хийжээ.
Шалгалтыг прокурорын байгууллагаас 2022 онд дэвшүүлсэн “Хүний эрх, эрх чөлөө, нийтийн ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх, зөрчигдсөн эрхийг нөхөн сэргээх” зорилтын хүрээнд “Эрүү шүүлт тулгах” гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор хийсэн байна.
Багануур дүүргийн прокурорын газраас шалгалтын хүрээнд 116 хүнээс тандалт судалгаа авч, эрүү шүүлт тулгах гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг зохих журмын дагуу шалгуулах арга хэмжээ авчээ.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа 427 дугаар нээлттэй, хаалттай хорих анги, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэстэй хамтарсан зөвлөгөөнийг зохион байгуулж, хорих ялаас хугацаанаас өмнө суллаж, хяналт тогтоох, хорих ял эдлэх дэглэм солих асуудалд анхаарч ажиллах, тус хорих ангид ял эдэлж байгаа гадаадын иргэн, бусад хоригдлын эрх зүйн байдал болон нийт хорих ял эдэлж буй хүмүүсийн хөдөлмөр эрхлэлт, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол төлөлтийн байдал зэрэг тулгамдаж буй асуудлын талаар санал солилцсон байна.