Мал эмнэлгийн урьдчилан сэргийлэх халдваргүйтгэлд машин бүрийг хамруулж үндэслэлгүй төлбөр авч байна. Иргэдээс гомдол, мэдээлэл ирсний дагуу Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас шалгалт хийжээ.
Нийслэл хот руу орж буй тээврийн хэрэгсэл нэг бүрийг ариутгалд хамруулж, 1000 төгрөгийн төлбөр авч байна. Энэ нь хууль зүйн үндэслэлгүй тул Мал эмнэлгийн ерөнхий газрын даргад урьдчилан сэргийлэх халдваргүйтгэлд зөвхөн мал, амьтан, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүн тээвэрлэсэн тээврийн хэрэгслийг хамруулах, тогтоосон нормативын дагуу төлбөр хураамжийг тогтоох, төлбөрт хурааж буй мөнгөн орлогод тавьж буй хяналтыг сайжруулах талаар Улсын ерөнхий байцаагчийн зөвлөмж хүргүүллээ.
Мал эмнэлгийн ерөнхий газрын даргын 2022 оны А/113 дугаар тушаалд “Урьдчилан сэргийлэх халдваргүйтгэлд зөвхөн мал, амьтан, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүн тээвэрлэсэн тээврийн хэрэгслийг батлагдсан зааврын дагуу халдваргүйтгэлд бүрэн хамруулж ажиллана” гэж заасан. Гэтэл нийслэл хот руу орж ирж буй авто зам дагуу байрлах мал эмнэлгийн ариутгал халдваргүйтгэлийн цэгт тээврийн хэрэгсэл бүрийг урьдчилан сэргийлэх халдваргүйтгэлд хамруулж дээрх тушаалыг зөрчиж байна. Мөн Сангийн болон Хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын хамтарсан 2021 оны 118, А-201 дугаар “Мал эмнэлгийн үйлчилгээний зардлын норматив батлах тухай” тушаалаар батлагдсан нормативын 1.4.1-т “Урьдчилан сэргийлэх ариутгал халдваргүйтгэл, машин техник шүрших 1м.кв 150 төгрөг байна” гэж заасан байдаг. Батлагдсан нормативын дагуу урьдчилан сэргийлэх ариутгал халдваргүйтгэлд хамрагдсан автомашины эзэмшигчээс авах төлбөр хураамж харилцан адилгүй байх юм.