НҮБ-ын Хүүхдийн сан, Японы сан, ХӨСҮТ, АШУҮИС хамтран “Вакцин хийлгээд нэг жил-Алдаа, оноо, үр дүн” сэдэвт хэлэлцүүлгийг өчигдөр зохион байгууллаа. Энэ үеэр УОК-ын дэргэдэх Эрдэмтдийн зөвлөлийн нарийн бичгийн дарга, Эрүүл мэндийн сайдын зөвлөх О.Батбаяр эрсдэлийн үед эрүүл мэндийн болон хэвлэл мэдээллийн салбар хэрхэн үр дүнтэй хамтран ажилласан, цаашид юунд анхаарах талаар мэдээлэл хийв. Тэрбээр манай улс өндөр хөгжилтэй бусад оронтой харьцуулахад коронавирусээр халдварласан хүмүүст эмнэлгийн тусламжийг хүртээмжтэй хүргэснийг онцолж, “Вакцин орж ирэхээс өмнө буюу 2020 онд цар тахлыг дотооддоо алдсан бол арван мянган хүн нас барах эрсдэлтэй байсан” гэлээ. Мөн иргэдэд үнэн, зөв мэдээллийг хүргэхэд анхаарч, хамтарч ажилласан хэвлэл мэдээллийнхэнд талархал илэрхийлэв. ХӨСҮТ-ийн Дархлаажуулалтын албаны дарга О.Дашпагма “Оргил үед өдөрт 1200 цэгт 167 мянган хүн “Ковид-19”-ийн вакцин хийлгэсэн. Өнөөдрийн байдлаар I тунгийн хамралт 96.4, II тунгийнх 92.3, III тунгийнх 53.4 хувьтай байна. Цаашид дархлаа сэргээх нэмэлт тунд иргэдийг идэвхтэй хамруулах, хүүхдийг вакцинжуулах шаардлагатай” гэв. Манай улс дөрвөн төрлийн вакцинаар иргэдээ дархлаажуулсан бөгөөд 62.5 хувь нь “Вероцелл” тариулсан аж. Дархлаажуулалтад хамрагдсан иргэдийг насны бүлгээр авч үзвэл 35 хүртэлх насны залуус маш бага, 60-аас дээш насныхан хамгийн өндөр хувийг эзэлж байна.
Бэлтгэсэн Ц.Дүүрэнжаргал